Л.Жамбалжав: Нэгдүгээр эмнэлэгт зүрхний мэс засалд орсон хоёр өвчтөн хоёулаа нас барсан

2018-06-04 17:37 1210

Өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр Улсын нэгдсэн төв эмнэлэгт анх удаа зүрх шилжүүлэх суулгах мэс засал хийсэн. Гэвч өвчтөний биеийн байдал муудан, хагалгааг даалгүй нас баржээ.
Эхний хагалгаа амжилтгүй болсон тул бусад хагалгааг цуцалсан талаар тус эмнэлгийн Зүрх, судасны тасгаас мэдээлжээ.

Хүнд өвчтөн хагалгааны үед ч, дараа ч нас барах тохиолдол бий. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээр байна.

Мөн энэ талаар өнөөдөр Улсын нэгдсэн төв эмнэлгийн гавъяат эмч, Анагаах ухааны доктор профессор Л.Жамбалжав мэдээлэл өгөв. Тэрээр


-Би улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй болно. Миний бие Монгол улсын эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил амьдрал тэмцэл хүч, хөдөлмөрөө зориулсны хувьд эрүүл мэндийн салбарт гаргасан харамсалтай тохиолдлын талаар байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг гэж үзлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар иргэдийнхээ итгэл сэтгэлийг агуулж, эрүүл мэндийг нь сахин хамгаалж, энэ үйл хэргээ гүйцэтгэх ёстой. Эрүүл мэндийн салбарын жирийн ажилчнаас авахуулаад сайд хүртэлх бүх шатны албан хаагчдад, ажилтнуудад энэ үүрэг хамааралтай.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын ажил доголдож, зохион байгуулалт алдагдаж, эмч ажилчнуудын хариуцлагыг хөндөх болсон, салбарыг улс төгжүүлсэн, эцэст нь зарим хүн албан тушаал, эрх мэдэл, нэр алдрын төлөө улайран зүтгэж, хууль зөрчиж, хүмүүсийн амийг хохироож байна.\

Энэ сарын 21, 23-ны өдрүүдэд УНТЭ-т 64 настай өвчтөн Д гэдэг эмэгтэйд гол судасны хавхлаг суулгах мэс засал, 30 настай өвчтөн З гэдэг эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийжээ.

Д-д хагалгааны явцад зүрхний тэжээгч титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс заслыг хийсэн бололтой. Өвчтөний зүрх хиймлээр зогссоны дараа сэргэлгүй нас баржээ.

Хоёрдох хагалгаа буюу өвчтөн З-ийн тосгуурын таславчийн цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөний биеийн байдал хүндэрч, зүрх нь зогссон байна. Маш харамсалтай байна. Энэ мэс заслуудыг III эмнэлгийн зүрхний мэс засалчид, миний шавь нарын өдөр тутам хийдэг, ердийн л хагалгаа юм.

Мэс заслын дараа, хүн нас барсны дараа үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотолдог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээ дүгнэлт хийлгүй, ар гэрийнхэн нь хүсээгүй гэдэг шалтгаан хэлсэн нь хууль зөрчсөн, алдаа дутаглдлаа, гэмт хэргийн нотлох баримтаа санаатай нуун дарагдуулсан явдал.

Хүнд өвчтөн хагалгааны үед ч, дараа ч нас барах тохиолдол бий. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээр байна. Мэс заслын дараа, хүн нас барсны дараа үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотолдог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээ дүгнэлт хийлгүй, ар гэрийнхэн нь хүсээгүй гэдэг шалтгаан хэлсэн нь хууль зөрчсөн, алдаа дутаглдлаа, гэмт хэргийн нотлох баримтаа санаатай нуун дарагдуулсан явдал гэж болно.

Мэс засал хийхийн өмнө Улсын III эмнэлгийн болон I эмнэлгийн удирдлагууд, зарим эмч нарын хамт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэж мэдээлэл өгөхдөө зүрх шилжүүлэн суулгана гэсэн ойлголтын нийгэмд өгсөн.

УНТЭ зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэж баг бүрдүүлж, эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадоржийн тушаалаар унтуулгын эмч Л.Ганболдоор ахлуулсан ажил үргэлжилж байна гэж үзэх үндэстэй. Б.Бямбадорж Эрүүл мэндийн сайдын бодлогын зөвлөх. Тэрээр сайд, яамандаа нөлөөлж, хоёр эмнэлгийн удирдлагыг нийлүүлэн зүрхний мэс заслыг эхлүүлжээ.

Монгол улс зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж болно. Нэвтрүүлэх ч болно. Харамсалтай нь ингэж хүний амь хохироож болохгүй юм.

Монгол улс зүрхний мэс засал хийдэг болоод 50 гаруй жилийн туршлагатай төрийн шагнал авсан мэргэжлийн хамт олон байсаар байхад унтуулгын эмчээр ахлуулсан зүрх шилжүүлэн суулгах баг гэдэс дотрын хагалгаа хийдэг газар ийм хагалгааг зүрхний мэрэгшсэн эмчгүй хийх болсон шалтгаан юу вэ?
Зүрхний мэс заслын тасгуудад хэдэн сар дагадсан, ямар ч туршлагагүй, бие дааж зүрхний хагалгаа хийгээгүй залуу эмчээр зүрхний хүнд хагалгааг гардуулж байгаа нь ямар учиртай вэ?

Зүрхний мэс заслыг хийх орчин нөхцөл бүрдсэн үү, дэтээ багажтай өөр эмнэлгээс зарим багаж хэрэгсэл зөөж яаруу сандруу орчин бүрдүүлэх шаардлага байв уу?

Зүрхний мэрэгшсэн эмч ажилтангүй, орчин нөхцөлөө бүрдүүлээгүй, лиценз батламжгүй, тусгай нарийн мэргэжлийн мэс заслыг хийх зайлшгүй шаардлага юу байв?

Өвчтөн Д болон З нар энэ эмнэлгийн хаалгаар хөлөөрөө орж ирсэн, нэг нь 64, нөгөө нь 30 гаруй жил амьдарсан хүмүүст явуулын, гадаад эмч нартай нийлээд мэргэжлийн бус газар яаралтай мэс засал хийх ямар үндэслэл байв?

Залуу мэс засалч, мэс заслыг ганцаараа дур мэдэж хийх ямар ч боломжгүй. Хэний зөвшөөрлөөр, хэний томилгоогоор мэс заслын багийг удирдах болов?

Мэс заслын ажил бол хамт олны, багийн хөдөлмөр. Энэ багийн ажил нөхцөл, шаардагдах багаж хэрэгслийг хэн бүрдүүлсэн бэ?

Мэс засалд орохын өмнө өвчтөнтэй холбоотой шинжилгээг бүрдүүлж, мэс заслын өмнөх дүгнэлт өгч, хагалгааны төлөвлөгөөг хэн боловсруулж, мэс засал хийх шаардлагатайг хэн тодорхойлж, гарын үсэг зурж зөвшөөрөл өгсөн бэ?

Энэ мэс засалд шаардлагатай эм хэрэгслийн мөнгийг ямар замаар бүрдүүлсэн бэ?

 


Задлан шинжилгээ хийгээгүй нь ямар хууль зүйн үйлчлэлтэй зэрэг олон асуудал анхаарал татаж байна.

Мэс заслыг гардан хийсэн, зориг гаргасан залуу эмч дангаараа буруутай байх үндэслэлгүй юм. Энэ эмчилгээний үр дүн бол зөвхөн хүнийг эмчилсэн эмчлэгч, мэс засал хийсэн хүний асуудал бус, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтаас маш их хамааралтай.

Манай эрүүл мэндийн салбарт зохион байгуулалт, хууль хэрэгжүүлэлт, мэргэжлийн удирдлага, мэргэжлийн багийн үйл ажиллагаа маш их дутагдаж байна. Иймээс Засгийн газар анхааралдаа авч, мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн дүгнэлт, холбогдох хуулийн байгууллага хууль зөрчсөн асуудлыг анхааран, холбогдох арга хэмжээг авахыг иргэний хувьд зөв гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Б.Солонго

error: Content is protected !!