Б.Хурц: Л.Болдоо таниас болж Солонгост хоёр хүн цаазлуулсан, би цааш ярих уу

2017-11-16 00:35 395

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “Бид маш ноцтой асуудал ярьж байхад Байнгын хорооны гишүүд асуудалд нухацтай хандахгүй байна. Шударга ёс, хууль бус, захиалгаар ажиллаж байгаа асуудал байгаа учраас өмнөх Засгийн газар огцорсон. Ямар учраас надтай хамт ажилласныхаа төлөө хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна. Олон нийтийн дунд яригдаж байгаа бүх мэдээллийг ил болгох хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй“

Б.Хурц “Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан”

УИХ-ын гишүүн Л.Болд “Улаан цайн ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Б.Чимэг

error: Content is protected !!