“ЗАЯАНЫ ХАНЬ” ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ УЧИР ШАЛТГААН ХОЛБООГ ТОДОРХОЙ ТАЙЛБАРЛСАН САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖ.

2018-04-17 20:03 2432

Г.Пүрэвбат: Эр эм зохицон нийлнэ гэдэг ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай


-Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ?
-Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг хугацааны бүхий л үйл явдал, зурлагыг нь гаргадаг. Нэргүй ямарваа зүйл байдаггүй. Тэр дундаа хүний нэр жирийн нэг байгалийн юмс үзэгдлээс онцгой чухал. Хүн амьдарч байх хугацаандаа нэртэй холбогдсон олон зан үйлийг бий болгосон. “Нэр хугарахаар яс хугар. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” хэмээх үг гарсан хүн өөрийн нэршсэн нэрээрээ байх ёстой хэмээх ухагдахууныг эрхэмлэсэн хэрэг.

Сүүлийн үед Монголчууд хүүхдэдээ хайрлах нэрийг нэлээн бодож байж өгдөг болжээ. Эрдэмтэй сайн хүнээс нэрийн утга учрыг лавлан мэдэж, хүүхдэдээ хайрлах нь зөв юм. Монгол хүний нэрийн лавлах толь үзэж байхад төвд, санскрит нэр голчилсон байдаг. Монгол хэмээх улс өөрийн соёл иргэншил, хэлтэй байж монгол ёс язгууртайгаа хэвшин дадна. Тиймээс гаднын нэр бус монгол нэр хайрлах нь чухал юм.

-Зарим гэр бүлд үр хүүхэд олдоггүй, эсвэл тогтдоггүй тал бий. Үүнд ямар нэг шалтгаан байдаг уу?

-Монголчуудад үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг тал байдаг. Үүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалтгаан бий. Үрийн заяа тогтдоггүй хүмүүст хамааруулж, “Хөвүүн асрагч охин тэнгэр” манайхан Бүзү Лхаму хэмээн нэрлэдэг Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Үр удам, хишгийн даллага гээд олон янзын зан үйлийн тогтсон арга бий. Эр эм хоёрын үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой нарийн зан үйл гарсан байдаг. Ганц нэг шалтгаанаас үүдэж үр хүүхэд тогтохоо больсон гэж ойлгож болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувь заяа, тавилан төөрөгтэй шүү дээ.

Эр эм зохицон нийлнэ гэдэг ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай

-Монголчуудад үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёс байсан. Харин уламжлал өдгөө мартагдсан байна?

-Энэ нь журмыг мэддэг ухаант хүмүүний нандин ёс юм. Амьдралыг цогцлоох ул суурьтай эртнээс хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаас эр эм хоёр бүхэл бүтэн үйл хураасан амьтан. Зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай. Эцэг, эх нь удам харж, язгуур үзэн, бэрийн зурхай, төөргийг харж шинжинэ. Гэр бүл болж нийлэхэд нь зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Хоёр талын аав, ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр таарамжаас хосын хувь заяа сайн, муу явах шалтгаална. “Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Хувь хүний гадаад шинж, бие царай зүсийг харж “Энэ хоёрын хувь заяа нийлбэл ийм байх юм” гэж заяа төөргийг нь үзсэний дараа эцэг, эх хоёр удам залгах үр хүүхдийнхээ хувь заяаг бодож, өндгөн сүй тавьж, багаас нь бие биед нь ээнэгшүүлэн дасгадаг. Амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ зан ааш сайн, мууг эрт мэдүүлвэл хэр баргийн зүйлд гомдож тунихаа больдог. Эр, эм хоёрыг бие гүйцсэний дараа гэрлүүлдэг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус тэдний үйл барилдсан сэтгэлийг ариунаар тэтгэж байх удам угсааны залгамжтай холбоотой асуудал юм.

Ням гаригт бэр авбал дахин солино, Тахиа өдөр хуримлавал өөр хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг

-Хуримын зан үйлд бэр авах цагийг тусгайлан заасан байдаг нь ямар учиртай юм бэ?

-Эртний сударт бэрийн үйл болон хуримын өдрийг сонгож болохгүй өдөр гэж бий. Сонгож болохгүй сар, одтой өдрүүдэд хурим товловол зурхайг үзэж буй хүн муу байдаг. Үл итгэвээс хожмын цагт их гэмшил болно. Бэр буулгах цаг, охин мордуулах өнгө гэж бий. Тухайлбал, Хулгана жилтэй охиныг хар морь унуулж,хар дээл өмсгөж, луу цагт мордуул гэж заасан байдаг. Хаврын гурван сарын туулай өдөр хурим найр, бэрийн ямар нэгэн үйлийг огт хийж болохгүй. Тэнгэрийн бэлэвсрэл, адгийн бэлэвсрэл, эр эмийн бэлэвсрэлийн өдөр бэр буулгах, ураг төрөл барилдах, хурим найр хийх үйлийг ихэд цээрлэдэг. Бэр буулгах сайн, муу өдөр, охин өгөх далд сар, хүү, бэр авах харш жил гэж бий. Бэр хүргэх хүний жил ямар байх, бэрийн унах морины өнгө зүс, бэрийн явах цаг, зүг, өмсөх хувцасны өнгө, гэрт оруулах, угтах, тулга тулах, гал асаах, үс угаах хүний жил, бэр мөргөх цагийг нарийн үздэг. Могой өдөр бэрийн үйлд муу, луу өдөр бэр богтлох, охин гуйхад сайн өдөр. Хурим хийх сар, өдрийн сайн мууг хүртэл зурхайн ухаанд гаргачихсан байдаг. Бар сарын улаан, цагаан бар өдөр, улаагчин, шарагчин, цагаагчин туулай, улаан, шар хулгана өдөр сайн. Хурим хийж болохгүй сарын ням гаригт бэр авбал дахин солино, гал голомтоо хаях тул муу, тахиа өдөр хуримлавал хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг. Тиймээс Дашням, Балжиннямтай өдөр гээд таамгаар хийж болохгүй.

-Сүүлийн үед гэр бүл салалт ихэссэн. Ивээл жилтэй хэрнээ таарч тохирдоггүй хүн олон байдаг. Энэ нь ханийн заяа төөргөөс шалтгаалдаг уу?

-Гэр бүл салж байгааг ажиглахад нэг талаар нийгмийн өөрчлөлт нөлөөлж байна. Манайхан ханиа сонгох, гэр бүл болох уламжлалт нарийн ёс жаягийг өнөө цагт хаясан. Сүүлийн 70-80 жилд Монголын үнэт өв соёл, эрдэмтэн мэргэдийн сургаал, номын эх хэлээ гээж, бидний яриа цөөн үгэнд эргэлдсэнээс үүдэж хохирол их амссан. Тэр дундаа үр хүүхдийнхээ гэр бүлийн асуудалд эцэг эх нь хайнга хандаж “Санаа нийлж байвал боллоо” гэдэг үүднээс үг ч хэлж чадахгүй гэрлүүлж байна. Иймэрхүү адармаатай зүйлээс болж салж байгаа нь худлаа бус. Үүнийг засахын тулд цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиас нь уламжлалт ёс заншлаа өвлүүлэх бодлогыг төрөөс соёлын бодлого болгож нийгэм даяар хэрэгжүүлж байж, нэгэн бүхэл бүтэн сайхан үеийг төрүүлж хойч үеэ аварна. Ингэхгүйгээр улс орныг эмзэглүүлсэн гэр бүлийн асуудал амархан засарна гэж байхгүй.

Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий

-Эмэгтэй хүнд бэр болдог, болдоггүй нас гэж байдаг гэж та ярилаа. Ямар учиртай юм бэ?

-Бэр болоход үл зохих нас гэж байдаг. Тухайлбал, хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй хэмээн өгүүлсэн байдаг. Хэрвээ гэрлэхээр болбол сайнд нь урвуулж болдог арга заслыг хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна туулай сарын Ровагинь Анурад, Ударасад, Ударабадра бад одтой өдөр хурим хийвэл үгүйрч хоосорно. Хэрвээ энэ өдөр хуримын өдрийг товлож үзвэл үзсэн хүнд нь гамшиг нүүрлэх тул цээрлэ хэмээсэн байдаг.

-Монголчууд бэр болох бүсгүйг хэрхэн шинждэг байсан бэ?

-Эмэгтэй хүний язгуураар нь лянхуа, лавай, зүрэн, заан, тэнгэр, дагина, мангас, ягчис, язгуурын хэмээн ангилдаг. Бүсгүй хүний зүүн хацрын дор улаан мэнгэний өнгө тогтвол залуугийн цагт зовлон амсах боловч 30 насандаа амгалангийн цогийг олох болно. Улаан уруултай бол баяны, ягаан уруултай бол сэхээтний, том уруултай бол шүтлэгтэйн, урт уруултай бол найр цэнгэлд дуртай, муруй уруултай бол амьдрал нь аз жаргалгүйтэх, сэрэлзсэн улаан уруултай бол сайхны, уруул дундууруу зураастай бол амны хишигтэй гэх зэргээр нарийн шинжинэ.

Хүн өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг

-Хүний хувь тавилан, заяа төөрөг гэж юу юм бэ. Бид юу хүсэж мөрөөдөх нь хамаагүй. Бүх зүйл цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гээд хүмүүс ярих юм?

-“Санаа сайн бол заяа зөв.Сайхан төрөх заяаных, сайн явах санааных” хэмээх ардын зүйр үг байдаг. Энэ үгэнд олон утга санаа бий. Хүн тэргүүлшгүйгээс орчлонд хязгааргүй олон удаа төрөл авсан байдаг. Эрдэнэт хүмүүний биеийг авсан хэдий ч зовлонгоос салж чадаагүй. Бүгд өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг. Хүний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бүх зүйл урьд төрлийн толь юм. Төрсөн өдрийн төөргөөс хамаараад идэх хоол, наслах нас хэмжээтэй. “Заяа минь ийм хойно яах билээ дээ” гэж амьдралын хатууд буулт хийх нь ухаант хүний ёс биш. Хэрвээ буулт хийсээр байвал амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж, муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргүй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй амьдрах хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг, зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Үүнийг сайнд нь урвуулж чадвал хүн өөрийн сэтгэлийг хөгжүүлж сайханд хүрч болно. Тэр бүү хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох арга замыг бурхны номд заасан байгаа. Өөрийн төрсөн заяаг сайн, муу болгох нь бидний гарт байдаг. Хувь заяагаа хүн сайн зүгт эргүүлэх хэрэгтэй.

Зовлонг хүсэхгүй жаргахын тухайтад тэмүүлдэг нь хүн төрөлхтний зорилго юм. Хүн жаргах гэж есөн шидийн зүйл хийдэг. Сайн, муу үйлийг ялгахгүй учраас хийсэн үйл нь эцэст нь зовлонгийн үрийг тарих тохиолдол цөөнгүй. Аливаа нэгэн муу сэтгэлийн үрд зовлон, сайн үйлийн үрд жаргал гэдэг зарчмыг ойлгож, өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдист урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж, өөрийн амьдралыг сайханд хувиргах хэрэгтэй.

-Эр эм хоёр өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй

-Хайр сэтгэлийг бурхны номд юу гэж өгүүлсэн байдаг бол оо?

-Эгэлийн ёсонд эр, эм хоёр үйлийн үрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны үндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хүсэхгүй эм, эмийг хүсэхгүй эр гэж байдаггүй. Хоёулангийнх нь сэтгэлд нэг нэгнээ хүсэх бодол угаас байж байдаг. Энэ жам ёсны харилцаан дээр амьдрал, гэр бүл, нийгэм бүрэлдэн хөгжихийн үндэс болдог. Эр, эм хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хамгийн их хурдаг зүйл бол хүсэх. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн үржих гэсэн хүсэл тэмүүлэл. Тэгээд ч эрийн нүдэн дэх эмэгтэйн дүр, эмэгтэйн нүдэн дэх эрэгтэйн дүрээс илүү сайхан зүйл байхгүй. Дуу, хоолой, үнэр, амт, хүрэлцэхүй нь адил. Эр, эм бие биедээ хайртай болоход олон зүйлийн үйл нөлөөлдөг. Урьд насны өр төлөөс, эрлэг, өс хонзонгоор хайртай болж болно. Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих ёсыг хайхралгүй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу үйлээр учирч болно. Хэрвээ өр төлөөсөөр учирвал байнгын гарлага гарна. Эрлэгээр учирсан бол нэг нэгийнхээ амь насанд хүрнэ. Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож нүдээд таардаггүй. Муу үйлээр учирсан эр, эм хоёрт үр хүүхэд олдсон ч муу үйл тээж ирнэ. Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлж, арга билиг зохилдон эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд сайхан өсч хүмүүжин, жаргалд хүрч болох боломж нээгдэнэ. Арга билиг хоёр эвдрэх харш заяанд учирвал гал, усны аюул адил гай зовлон авчирна. Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл нигүүлсэхүй юм. Аливаа нэг амьтныг ялган салгахгүй тэгш дор барих сэтгэл юм. “Би хамаг амьтны тусын тулд бурхан болж, ертөнцийн амьтдыг зовлонгоос салгахын тухайтад бүхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгүй.

-Зарим гэр бүл хэрэлдэж, зодолдсон хэрнээ салж, нийлээд л байдаг. Тэгэхээр үйлийн үрээр учирчээ гэж ойлгож болох уу?

-Эр, эм хоёр бие биедээ татагдаж хайрласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөөс хоёр их язгуур өөр аймаг учраас үргэлжийн хэрүүл тэмцлээр орших магадлалтай. Нөхөртөө хөөгдсөн хэрнээ эргэж очиж зодуулаад явдаг бүсгүйчүүд байдаг. Энэ нь муу үйлээр сэтгэлтэй болчихоод тэр үйл нь барагдаагүй учраас зовж байна. Үүнийгээ хайраар л цагаатгадаг. Хэрвээ бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал үс нь дун мэт цайсан ч чавганцынхаа өвөрт ороход өгүүлшгүй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тэгэхээр өөрсдийгөө эвлэн зохилдох бие биеийнхээ хооронд нэгдэн нийлж чадах сайхан боломжийг гундааж огт болохгүй.

-Амьдрал дээр ажиглаж байхад эхнэрээ хардаж зовоодог эр олон байдаг. Шинжлэх ухаанд хардахыг өвчин гэдэг. Харин шашны сударт юу гэж өгүүлдэг вэ?

-Манайхан “Хайртай бол хартай” гэж хэлж өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглаж бариад, түүндээ салхи ч хүргэхгүй байх нь хар сэтгэлээр дэндүү тачаасан хэрэг. Энэ бол муу сэтгэл. Хайрлаж байгаа бол харамлаж хардах бус, харин ч жаргалтай байлгаж, үүнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Хүн сэтгэлийн амьтан. Өөрийгөө задалсныхаа хэрээр нээж өгдөг. Хайрлаж чадахгүй байж хардаж зовоон, сэтгэлээ муу үйлийн дэнчинд тавина гэдэг эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад байгаа дүр төрх өнгөц нэг дүрсэн дээр тогтсон бие шүү дээ. Нүд нь хөөрхөн гээд байх юм, ясан их ухархайд суусан усан цэврүү. Уруул нь сайхан гээд байх юм, бохирын урсгал цувуулсан муухай нүх шүү дээ гээд бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тулд янз бүрээр задалж ярьдаг.

Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг

-Харш жилтэй хүмүүсийг таарч тохирохгүй л гэдэг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ сайхан амьдарч байгаа харагддаг шүү дээ?

-Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Амьдрал нь тогтож, үр хүүхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгүй олон янзын шалтгаан байдаг. Таарч тохирохгүй гэдгээ мэдсэнээс мэдэхгүй байсан нь дээр гэж боддог хүмүүс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгүй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгүй зовж, зовлонгоо там болгож байхаар таарахгүй байгаа зүйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Үнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг зүйл алга болдог. Үүнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хүн бурхан ч болж байгаа юм чинь нэг хүнтэй зохицож, эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Монголчууд төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ зовлонг жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг.

-Бурхны номд бүсгүй хүний тухай ер нь юу гэж өгүүлсэн байдаг юм бол оо?

-Эртний сударт эмэгтэй хүнийг “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Үйл олны үүргээр төрөлхтөн магадтай уйддаг. Түүн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бүсгүй бол үйлийн хувилгаантай адил. Үзсэнээс сэтгэлийг баясгах дүрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар үүсгэгч тариалангийн орон юм. Өвчнөөр зовохын цагт сувилан асрагч өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээн засагч уяхан дуулаач. Гэргийтний үүргийг бүгдийг үйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч насны хань, ямагт урьд хураасан үйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байхад түүнийг эрээс доршоож, ялгаварлан үзэх буруу юм” хэмээн мэргэд өгүүлсэн байдаг. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм. Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хүн гар, хөлтэй одсон ч адгуусны сүрэгт багтах бус. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хүрч чадвал үхсэний дараа яс нь ч тахилын орон ямагт болно” хэмээн эр, эм хоёр бие биедээ үнэнч байхыг хэлсэн байдаг.

-Хүний сэтгэлд бурхан, чөтгөр хоёр зэрэгцэж оршдог гэж яриад байдаг юм билээ. Хэр үнэний ортой үг бол?

-Хорвоо өөрөө хоёр талтай. Хүнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр байдаг. Аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зүйл хийвэл чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж байдаг. Чөтгөрийг баярлуулж, тэнгэрээ гомдоох үйл үйлдэнэ гэдэг муу үйлийн замаар замнаж байна гэсэн үг. Буяны сайн үйлийг эрхэмлэж байгаа хүн бол тэнгэр юм. Муу үйлийг хөгжөөж буй хүн бол чөтгөр юм гэж ойлгоорой. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унаган хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бидний дотор (дотоод сэтгэлд) байдаг.

Хүний бие далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан

-Та “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увдисууд” нэртэй номондоо буруу хурьцал хүний амьдралд хэрхэн гай дагуулдгийг хүмүүст сургамжтай талаас нь өгүүлжээ?

-Эр, эм хоёрын энгэр зөрүүлэх уламжлалт ёс бий. Бид мэдэхгүйгээсээ болоод өөрийгөө хорлож байдаг. Дуртай, хүссэн үедээ гээд эр, эм хоёр буруу хурьцвал өр төлөөс, өс хонзонгийн сүнснүүд хариугаа авах гээд отчихсон байдаг. Хүн амьд явахын баталгаа байхгүй. Угаас үхлийн мянган отоосонд байдаг тул бие нь далайн хөөс мэт эмзэг, нас нь тэнгэрийн гялбаа мэт хурдан. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж, хүчээ барна.Үүний оронд эрч хүчийг эргэн олж авах увдист урвуулж, дуслыг хэрэглэх номыг ёс бий. Энэ бүхэнд суралцахын тулд Монголын уламжлалт ном бүтээлээс харах хэрэгтэй.

-Шинийн 15, 28, 30-нд энгэр зөрүүлж болохгүйг та номондоо онцгойлон бичсэн байна лээ?

-Энгэр зөрүүлэх харш гариг гэж бий. Бар, туулай жилтэй хүмүүс сугар гаригт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвддөг өвчтэй болно. Зүрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой, хоолой өвддөг өвчтэй болно. Таарахгүй хүнтэйгээ энгэр зөрүүлбээс усан саа тусаж, бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж, нүд нь гэмтэх нигууртай хэмээн сударт өгүүлсэн бий. Хүн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрүүлдэггүй. Хүний сүлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд хүний сүлд бүх биед явдаг учраас энэ өдрүүдэд энгэр зөрүүлэхийг хатуу цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны түлхэх хүчин дэлхийд нөлөөлж, дэлхий бүслүүрээрээ цүлхийхэд далайн түрэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Хэл, ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийдаг. Шинийн 30-нд буюу битүүн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хүчин дэлхийн хүчнээс зугтаж, далайд таталт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарны хир нь шавхагддаг. Хэрвээ энэ өдөр энгэр зөрүүлбэл усан саа тусна.

Хүүхэд 1-3 насандаа бурхан байдаг

-Хүүхдийг ерөөл тавьж, залбирч байж олдог гэх юм, үнэн үү?

-Тийм ээ. Эр, эм хоёр хүүхэд анх олохдоо энгэр зөрүүлэх ивээлтэй сайн гаригийг зөв сонгох хэрэгтэй. Энгэр зөрүүлэх ээлтэй гариг, харш өдөр гэж бий. Хүний сүлд шинийн 28, шинийн 15, 30-нд бүх биед түгдэг тул энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг. Учир нь хүний хийсэн үйлтэй харгалдаад янз бүрийн үйлийн сүнс үр хүүхэд нь болох гээд отчихсон байдаг. Энэ ёсыг баримтлахгүй энгэр зөрүүлбэл урьд насны өр төлөөсөө авах авлагатай хүн хүүхэд нь болж төрөөд, эцэг, эх хоёроо үгүйрүүлэн хоосруулаад гудамжинд гаргадаг. Урьд насанд нь амь насны өглөгтэй хүн өс хонзонгоор үр нь болж ирээд, аав, ээжийгээ тамлан зовоож, амийг нь хөнөөдөг. Буянаар ирсэн хүүхэд аав, ээжийгээ асарч тэтгэнэ. Тэгэхээр үр хүүхдийг буянаар олж авахын тухайтад энэ нарийг ёсыг гаргасан юм шүү дээ.

-Эх хүн хэвлий дэх үрээ хэрхэн хайрлаж, хамгаалдаг ёсноос сонирхуулж яриач?

-Жирэмсэн эмэгтэй өмсөх зүүх, явдал суудлаа зөв тохируулдаг нарийн дэгтэй. Бие шалтгаантай болсноос хойш далийж суухгүй, зохисгүй зүйл идэхгүй, нүдээр аливаа муу үйл харахгүй, чихээр янз бүрийн дуу авиа сонсох ёсгүй юм. Хэвлийдээ үр тээж буй эмэгтэй угаас эр эмийн ажлыг хорьдог. Хэвлийд бойжиж буй үр эмзэг тул зуу дахин мэдрэмтгий байдаг. Эх хүн халуун цай уухад хүүхэд буцламгай халуун ширмэнд буй мэт зовдог. Хүйтэн ус уухад мөс рүү орсон мэт даарч зовдог. Үсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айна. Хөл хүндтэй үед эр эмийн ажил хийвэл хадны завсар хавчуулагдсан мэт шахагдаж зовдог. Ээжээс төрж, хорвоод мэндлэхдээ хүртэл зовж л байдаг. Хүүхэд төрөхдөө амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж буй мэт часхийн өвддөг. Зөөлөн гараар барихад хүртэл харцага, болжмор шүүрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харганад хийсэн мэт зовно. Хүүхдийг гурван нас хүртэл нь үлгэрлэдэг хүмүүс эцэг, эх нь байдаг. Үлгэр болж өгсөн зүйл нь хүн болох хамгийн анхны суурь болж сэтгэлд нь шингэдэг. Ийм үед нь эцэг, эх хоорондоо хэрэлдээд, загнаж зэмлээд эхэлбэл муу зүйл бүрддэг. Хүүхэд 1-3 насандаа бурхан байдаг гэж монголчууд ярьдаг. Яг энэ үед нь бурхан байгаа чанарыг хэвшүүлэн тогтоож, дэргэд нь муу үнэртэн үнэртүүлэхгүй, чихэнд нь билгэгүй үг хэлэхгүй, нүдэнд нь муу үйл харуулахгүй байх хэрэгтэй.

-Урьд төрөлдөө ямар хүн явснаа мэдэх боломжтой юу?

-Урьд төрөлдөө ямар хүн явсныг хутагт, хувилгаад бодьсадва нар таньдаг. Том хувилгаад захиа бичиж үлдээдэг. Бичсэн захиаг нь Сажава, Гармава, Нямава Гэлүвэ ёсны том лам нар лацдаж битүүмжилдэг. Гурван жилийн дараа цуглаж, онгойлгоод захиаг нь тайлж уншихад “Би тийм газар тийм хүний хүүхэд болоод тийм нэртэй төрнө” гэж бичсэн байдаг. Очоод үзэхэд яг байж байдаг. Энэ нь эрдмээ мартахгүй төрж байна гэсэн үг. Өөрөө хаана төрөх төрлөө дураараа авч чадаж байна шүү дээ. Энэ нь үхэл буюу зуурдад эрхшээлийг олж чадсан гайхамшиг. Бид зөв явж, дараа төрөлдөө эрхшээлийг олох, санаснаараа хаана, ямар хүнд төрөх, үгүй бол төрөл доошлохгүй байх сайн үйлийг энэ насандаа бүтээх хэрэгтэй. Г.Батцэцэг