Монголын хүсэмжит 10 бүсгүйчүүдэд хэн хэн багтсан бэ? …

2018-04-17 13:21 1091

Амтлаг арав. Санал асуулгаар тодорсон Монголын хүсэмжит бүсгүйчүүд бүгд фигурээ барьж чаддаг аж. Тэдний ихэнх нь мэс ажилбарт орсон хэмээн хэл аманд өртсөн жүжигчин, дуучин, загвар өмсөгчөөс голдуу бүрдлээ. Ямар ч байсан олны өмнө ил байдаг, хэл аманд их өртдөг бүсгүйчүүд эрчүүдийн сонголтод илүү өртдөг гэдгийг судалгааны дүн харуулав.

Мөнхийн залуу Одгэрэл

Монголд анх удаа тодруулж буй “Монголын хүсэмжит арван бүсгүй”-г загвар өмсөгч Э.Одгэрэл хэт олонхийн саналаар манлайлав. Энэ бүсгүйг “хамгийн, хамгийн” гэдэгт бүх насны эрчүүд санал нэгдсэн. Түүний цуглуулсан саналд улстөрчид ч атаархах болно. Зөвхөн загварын ертөнцийн төдийгүй монголын бараг бүх охид түүнээс үлгэр дууриал авч, түүн шиг байхыг хүсч мөрөөддөг билээ. Интернэт ертөнцөд тавигдсан түүний фото зургийн доорх санал сэтгэгдлийг уншихад Одгэрэл Монголын гоо сайхны эталон болсныг төвөггүй ойлгоно.

Гандан бууршгүй Ариунаа

Монголд жинхэнэ “од” шиг байж чаддаг бас уран бүтээлийг нь 80 настай буурлаас найман настай балчир хүртэл сонсдог, үргэлж үнэнч фэн нь байж чаддаг дуучин бол яах аргагүй Т.Ариунаа. Тэрээр урлагийн тайзыг олон жил эзэгнэхдээ “Эрос” хатагтайгаас эхлээд НҮБ-ын хүүхдийн элч дуучин, МУГЖ гэсэн алдар нэрийг хүртсэн. Галтай цогтой дуучин бас цаг үргэлжид олны анхаарлын төвд байдаг од гэдгээс илүүтэй Т.Ариунаа гэж чухам хэн бэ гэдгийг мэдэх хүсэлтэй тун олон хүн байдаг болов уу. Тэгвэл сэтгүүлийн арын хуудсыг эргүүлж үзээрэй.

Хэвлэлийн ялдам баатар

Топ модель Д.Пүрэвсүрэн “Монголын хүсэмжит бүсгүйчүүд”-ийн нэгээр тодорчээ. Түүний тухай маш их мэдээлэл байдаг. Гэвч түүнийг хэн бэ гэдгийг тогтож харсан нь ер үгүй. Д.Пүрэвсүрэн гэж хэн бэ, яагаад хүсэмжит бүсгүй болох болов оо? гэсэн хариултыг яг энэ мөрүүдийн ард эргэх шинэ хуудсаас уншаарай.

Дуулиант нүцгэн бүсгүй

“Монгол хүсэмжит бүсгүй” санал асуулгын дөрөвдүгээрт шинэ үеийн төлөөлөл болсон жүжигчин бүсгүй шалгарав. Энэ бол жүжигчин Р.Анхням. Түүн шиг гэнэн томоогүй, даруухан нүдтэй, халдашгүй боловч хүлцэнгүй дүр төрх бүхий жүжигчин ховор. Мөн л арын хуудаст Р.Анхнямын өөрийгөө нээсэн ярилцлага таныг хүлээж байгаа. Та тухлан сууж уншаарай.

“Киви”-гийн Секс бөмбөг

Олон нийтийн санал асуулгын дүнд тодорсон хүсэмжит бүсгүйчүүдийн “Айргийн тав”-д нийтэд Ука гэдэг нэрээр танигдсан “Киви” хамтлагийн дуучин бүсгүй шалгарлаа. Шар үстэй, европжуу царайтай бүсгүй монгол эрчүүдийн анхаарлыг татаж байгааг бодоход бид даяарчлал руу эргэлт буцалтгүй орж, монголчууд өөрийгөө тун дажгүй илэрхийлчихдэг, ихэд нүүрэмгий болсныг харуулав. Ардчилсан хувьсгал, зах зээл, секс хувьсгал, өнгөт хувьсгал, гудамжны хувьсгал зэрэг олон хувьсгалын бараа харсан бид өнөөдөр юм үзэж нүд тайлсан монгол болжээ.

Театраа орхиогүй дайчин бүсгүй

Г.Уранчимэг. Энэ бүсгүйг монголчууд жүжигчин Урнаа гэдгээр илүү сайн танина. Түүнийг бас эгч дүү гурван Урнаагийн том нь, эрос Урнаа, хар Урнаа, “Хувьсал”-ын Цогоогийн гэргий Урнаа гэж тодотгодог. Гэхдээ энэ бүгдээс илүүгээр жүжигчин Урнаа гэж дууддаг. Тэр хүсэмжит бүсгүйчүүдийн зургаад бичигдэв.

1980-аад оны дундуур хоёр дүүтэйгээ хамтран баян хуур хөгжмийн аялгуунд дуулсаар олны анхааралд орж ирсэн сурагчийн дүрэмт хувцастай охин өнөөдөр монголын драмын урлагт бүтээсэн дүрээрээ өөрийнхөө байр сууриа хэдийнэ тодорхойлчихсон яваа.

Билэг танхай Сараа

Урлагийн ертөнцөд эрт хөл тавьж, өөрийн дуу хоолойгоор ард түмнийхээ сэтгэлийг хөглөж, олон жилийг ардаа үдсэн, чансаа өндөр цөөн хэдэн дуучны нэг бол яах аргагүй Б.Сарантуая. Тиймдээ ч тэрээр МУГЖ цолоор шагнагдаж, “Зууны манлай”, “Поп хатагтай”, “НҮБ-ын Хүн амын сангийн элч дуучин” гэсэн олон алдрын эзэн болсон. Хэдийгээр чадалтай хоолойтой, рок попын ертөнцөд хэдийнэ өөрийн орон зайг бий болгосон, мянга мянган үнэнч шүтэн бишрэгчтэй ч энэ хатагтай чухам хэн бэ?. Сэтгүүлийн дараагийн хуудас энэ асуултад хариулах болно.

Нийтийн дууны үнсгэлжин

Ганцхан шөнийн дотор хөдөөний царай муутай зарц охин ханхүүгийн хүсэмжит бүсгүй үнсгэлжин болсон тохиолдол зөвхөн үлгэрт л бий. Харин манай санал асуулгын наймд бичигдсэн бүсгүй хөдөөнөөс ирээд ердөө гуравхан жилийн дотор жинхэнэ үнсгэлжин болж чадсан юм. Тэр бол Нийтийн дууны үнсгэлжин буюу Т.Баясгалан.

Түүний аялгуу сайхан дууг найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл сонсч уярдаг. Үнсгэлжин өнөөдөр олон охидыг урлагийн ертөнц рүү дагуулж, олон эрсийн зүрхийг шархлуулж амжсан. Харин эрчүүд “Ганцхан чамайг би хүлээнэ” хэмээн дуулах Баясгалангийн уяхан хоолойд биш гадаад төрхөнд нь илүү татагддаг нь нууц биш.

Секс симбол О.Энхтуул

Хорин жилийн туршид Монголын театр, киноны урлагийн секс симбол болж ирсэн жүжигчин Энхтуул жагсаалтын есдүгээрт бичигдлээ. Монгол Улсын театрын урлагын тайзнаа жүжигчин Н.Сувдыг залгамжлагч хэмээн үнэлэгддэг байсан энэ сайхан бүсгүйг нэгэн үед найз С.Эрдэнэцэцэгийнх нь хамт “Монголын секс симболууд” хэмээн нэрлэдэг байсан юм. Ерээд оны шинэ Монголд найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн хамгийн анхны эротик дүрслэлтэй “Бүлээн нурам” уран сайхны кинонд тоглосон тэр үеэс жүжигчин бүсгүй энэ нэрийг зүүх болсон. Одоо ч түүний секс имижийн талаарх яриа тасардаггүй.

Miss made in Mongolia

Монгол охид царай зүс, бие хаагаараа хэний ч нүдийг булаахаар гоо сайхан болсон сайн цаг ирж байгаа тухай ярьдаг болж. Цаг сайхан болсон эсэхийг хэлж мэдэхгүй ч монгол охид үнэхээр үзэсгэлэнтэй болж байгаатай хэн ч маргахгүй. Алдарт кино наадам Оскарт нэр дэвшсэн киноны эмэгтэй гол дүрд монгол бүсгүй тоглосон нь манай бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн давцанд өрсөлдөхүйц болсны илрэл биз. Манай сэтгүүлийн санал асуулгын 10-т орсон бүсгүй бол яахын аргагүй шинэ үеийн хацар гоо монгол охидын нэгэн төлөөлөл болох загвар өмсөгч Г.Оюунгэрэл. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцсон энэ бүсгүй өнөөдөр Монголын гэсэн тодотголтой хамаг л хувцас загварын компаниудын нүүр царай болж явна.

error: Content is protected !!