Т.Намжил: Хань болох хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Дараа нь сонго

2018-04-16 23:17 575

NOUS Mongolia байгууллагаас зохион байгуулдаг өглөөний “6:45″ цуврал лекц, уулзалтын 39 дах удаагийн зочноор ШУ-н доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил гуай оролцож “Би хайраар дутаав уу…, Би хайраар дутав…” сэдэвт гэрлэлт, гэр бүлийн сэтгэл зүй, хүүхдийн хүмүүжлийн талаар лекц уншлаа.

Өглөөний 6 цагт хүрэлцэн ирсэн залууст Т.Намжил доктор талархал илэрхийлж, “Эрт ирсэн нь гайхмаар бас баярламаар байна” хэмээгээд энэ цаг үед залуус гэр бүлийн харилцаа, тулгарч буй асуудлуудыг анхаарч, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэсээр лекцээ эхэллээ.

Эмэгтэй хүн нөхрийгөө өөрчлөгдөнө гэж, эр хүн эхнэрийгээ өөрчлөгдөхгүй гэж бодож гэрлэдэг. Гэтэл бодит байдал эсрэгээрээ

Европ бүсгүйчүүдийн араншин гэдэг шиг Монгол бүсгүйд ч араншин бий. Монгол бүсгүйчүүд нэгд, туйлын мэдрэмжтэй. Хоёрт, харилцаанд үе шатыг их чухалчилдаг. Харин Монгол эрчүүдийн онцлог нь нэгд, урам хүсдэг. Хоёрт, шууд л бүтээчихье гэсэн араншинтай. Мөн эмэгтэй хүн нөхрийгөө өөрчлөгдөнө гэж, эр хүн эхнэрийгээ өөрчлөгдөхгүй гэж бодож гэрлэдэг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ эмэгтэй нь өөрчлөгдөж, эр нөхөр нь өөрчлөгддөггүй. Асуудал үүнээс үүсдэг. Эхнэр нөхөр хоорондоо сайн ярилцаж байх хэрэгтэй. БНСУ-ын судлаачаас би сонирхоод асууж байсан юм. Танайхан их “чалчаа” юм. Хэдэн үг өдөрт хэлдэг бол гэж. Гэтэл өдөрт 21 мянган үг хэлдэг гэнэ. Харин манайд хүүхнүүд 7-8 мянган л үр хэлдэг. Чалчаа биш яриасаг л юм даа. Энд үгийн запас гэж нэг зүйл байна. Тэгэхээр дуугаа хураасан эрийг битгий татаж чангаа, зүгээр орхиж сур. Өдөрт ярих үгийн запас нь л дууссан байна гэж ойлго.

Сайн үгийг хоорондоо хэлэлцэж байх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа, хань ижлийнхээ сэтгэлийг тогтвортой байлгахад үг чухал нөлөөтэй. Гэр бүлийн харилцаанд сөрөг үг давамгайлж байвал нэгнийгээ үгэн хүчирхийлэлд өртүүлдэг гэсэн үг. Жишээлбэл, нөхөр нь уугаад ороод ирлээ. Эхнэр чи хаагуур тэнэж яваад ирэв гэж асуувал нөхөр мэдээж хариулахгүй. Сөрөг зүйл буу ярь, хэрэггүй юм бүү асуу. Юу хэлэх нь миний эрхийн асуудал гэж бүү томроорой хүүхдүүдээ. Гэхдээ бодож ярих хэрэгтэй. Хэрэггүй үг л хэлэх хэрэггүй байдаг юм. Битгий тэмц, тэмцэлд. Дуугүй л яв. Үгээ амандаа хадгаллаа гээд та бүтээд үхчихгүй. Тэвч. Тэгээд хэлэх үед нь, хэлэх хугацаанд нь хэлж, мэдрүүл. Шууд бус байдлаар нөлөөл. Энэ нь сэтгэлийг зөв тэгш авч явах талаар юм.

Харилцааны үндэс нь сэтгэл юм. Сэтгэлээ цэвэр авч явбал санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болно

Харилцааны зөрчил юунаас эхэлж байгааг олж мэдэх, эх үүсвэрийг тогтоох нь чухал. Харилцаа эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг хүний сэтгэлээс л хамаардаг. Сэтгэл ямар байна, харилцаа яг тийм л байна. Бид биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээн их хэлдэг. Угтаа энэ зүйрийн эхэнд “сэтгэлээ засаад биеэ зас” гэдэг мөр байх ёстой юм. Чингис хаан ч хэлсэн байдаг. Биеийг нь хураахын тулд сэтгэлийг нь хураа. Сэтгэлийг нь хураасан цагт бие хаашаа одох гэж. Орчин үед хэт аминч үзэл газар авсан. Нүүдэлчид нэгнийхээ талаар угаас их ярьдаг. Одоо бүр сайн яваа нэгнээ л их ярьж, доош нь чангаадаг болоод байгаа юм. Харилцаанд ямар нэгэн асуудал гарвал “Би яасан юм бэ” гэж өөрийгөө өмөөрөх биш өөрийгөө мэдэж, өөрийн сэтгэлээ хураах хэрэгтэй.

Харин сэтгэлээ цэвэр авч явбал санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Тэгэхээр сэтгэлээ цэвэр авч явахын тулд өөрийгөө таньж мэдэх хэрэг гарна. Бид өөрийгөө мэдэхээ больсон. Хүнтэй шууд харьцах бус бодож, хоёр талаасаа нэг нэгнийхээ орон зайг хүндэтгэн харьцах ёстой юм. Хүнтэй өөрийгөө хэрхэн харилцаж байгаагаа анзаарч дүгнэлт хий. Та ямар хүн бэ, тэр хүн ямар хүн бэ гэдгийг бодож үзэж байж харилцаагаа зөв авч явна. Түүнээс өөрийнхөөрөө харьцаж байна гэж болохгүй.

Та ханиа айлын хэд дэх хүүхэд гэдгээр нь ааш араншинг нь ойлгож болно

Хүмүүстэй харилцахдаа өөрийн онцлогийн мэдэж, өөрийгөө таньсан байх нь чухал. Жишээлбэл,Хүүхэд айлын ууган, дунд, отгон, ганц болон тавиул гэсэн 5 янз бий. Тус бүрдээ онцлогтой.

Том хүүхэд: Анхны хүүхэд эцэг эхийнхээ бүх анхаарлыг татаж, аав ээж нь 100 хувь хайраа зориулдаг. Энэ төрлийн хүүхдийн сул тал нь зөрүүд, бусдыг захирах дуртай, бүх зүйлийг санаснаараа байлгах гэдэг. Айлын том хүүхэд дүүтэй болохоороо дүүгээ шоглодог хандлага их. Хэрвээ том хүүхэд дүүгээ шоглоод л байвал хайраар дутаж байна гэж ойлгож болно. Өөрт байсан хайраа дүүдээ алдаад булаацалдаж эхэлдэг. Мэдээж олон давуу тал бий. Ямар ч үед айлын том хүүхэдтэй харилцахдаа эдгээр сул талыг нь бодолцож харилцах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хадамтайгаа байнга муудалцдаг, хадамдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй бэр одоо салах хэрэгтэй юу гэж хандаж байсан. Дараа нь хадам нь айлын хэд дэх хүүхэд, өөрөө хэд дэх хүүхэд болохыг сонсоод та хоёрын дунд зөрчил гарч байгаа нь аргагүй юм байна гэдэг зөвлөгөөг өгч зөвхөн өөрийнхөөрөө бус цаад харьцаж буй хүнээ ойлгож, мэдрэхийг зөвлөсөн. Явж, явж хадмынхаа айлын хэд дэх хүүдийг ч харж, мэдэх нь чухал юм.

Дунд хүүхэд: Айлын дунд дээрээсээ гуйж аваад доороосоо булааж авдаг. Айлын дундчууд төрөлхийн дайчин, тэмцэгч, уян хатан байдлаараа ялгардаг. Бие, хэл,сэтгэл гурвын хүрээнд айлын дундтай суусан хүн жаргана даа жаргана. Жишээлбэл сургуулиудад тэргүүний, манлайлагч анги байдаг. Ийм ангиудад олонхийг айлын дундчууд бүрдүүлдэг байх нь элбэг. Эхнэр нөхөр хоёулаа айлын дунд бол хэзээ ч хүний дор орохгүй. Харин хоёр том хэцүү. Хамгийн гол нь хоёр том өөрийгөө мэдэж, нэг нэгнийхээ онцлогийг хүндэтгэн үзэж байж сайхан амьдарна.

Отгон хүүхэд: Бага хүүхдэд хайр 100 хувь орж ирдэггүй. Айлын отгон хүүхдийн онцлог нь хамгаалалтад байдаг. Тэгээд өрсөлдөгч шинжтэй.

Ганц хүүхэд: Орчин үед ганц хүүхэдтэй айл олон болсон. Эцэг, эхчүүд хүүхдээ юугаар ч дутаагаагүй гэсэн хандлага их гаргадаг. Гэхдээ ганц хүүхдийг нийгэмшүүлэх асуудал маш чухал.

Тавиул хүүхэд: Сүүлийн жилүүдэд хүмүүс гадагшаа ажиллахаар их явж үр хүүхдээ эмээ, өвөө болон хамаатан садандаа их үлдээх болсон учраас тавиул хүүхэд олноор бий болгож байна. Энэ төрлийн хүүхдийн хувьд их хэцүү араншинтай. Хүмүүжлийн хувьд ч онцгой анхаарах шаардлагатай. Жишээлбэл, өвөө эмээ дээрээ өсч байгаа хүүхдүүдийг өвөө эмээ нь буруу аргаар хүмүүжүүлж байна гэж хэлж болохооргүй. Хамгийн гол нь эцэг, эхээсээ хол хүмүүжиж байгаа гэдэгт асуудал нь байдаг.

Эрчимтэй үедээ чанартай хүүхэдтэй бол. Гэрлэлтэд нямбай ханд

Хэдэн насандаа гэрлэх тохиромжтой вэ гэж асуусан бүсгүйн асуултад хариулахдаа, Монголчууд гэрлэх насыг 18-27 байвал зүгээр гэдэг. Энэ нь эрч хүчтэй, эд бяртай эрчимтэй насандаа хүүхэдтэй болох санааг ч агуулж буй юм. Энэ насанд сайн ханийг олж чанартай хүүхэд төрүүл гэдэг. Орчин үед гэрлэлтэд нямбай хандахгүй байгаагаараа их алдаж байна. Танилцаад гурван сар болоод гэрлэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ханилах хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Шилж, сонго. 30 насны босгыг давахаар арван хуруу тэгш гэж шилж сонгоод санаанд чинь таарах хүн олдохгүй. Энэ талаар би номондоо дурдсан. Одоо харин чөлөөтэй ярьж байна. Орчин үед эдийн засгийн болон боловсролын зөрүү гарвал нэг нэгнийгээ дээрэлхээд байдаг болж. Тэгэхээр түмэн мянган хүнээс өөрийнхөө зиндаанд тохирох хүнийг олж ав. Угаас арван хуруу тэгш хүн гэж байхгүй гэдгийг бодож үзэж өөртөө хүн тохируулах бус өөрөө хүнд тохирч сурах хэрэгтэй. Хүний ертөнцийг хүндэтгэж, тухайн хүний соёлыг таньж харьц. Тэгвэл чамайг тэр хүн ойлгоно. Тэгээд хамтдаа хоёр соёлыг нэгтгэж амьдрах хэрэгтэй. Казак хүн халх хүн суувал хаврын баяр болон цагаан сараа хоёуланг нь л тэмдэглэх болно. Харилцаа нээлттэй байж, ойлголцож бас итгэлцэл дээр суурилах хэрэгтэй. Яагаад гэрлэх ёстой гэж, ганц бие явна гэж хэлэх хүн олон болж.

Өтлөөд өвдөг эрүү нийлэхийн цагт ханиараа түшүүлж хүүхдээрээ ачлуулах үед ойлгоно. Энэ хорвоог хүн ганцаараа туулдаггүй юм. Хосоороо бардаг юм.

NOUS Mongolia байгууллагаас 2016 оноос хойш зохион байгуулсан өглөөний “6:45” цуврал лекц, уулзалтын тоймыг www.itoim.mn сайт тогтмол хүргэж байна. Та 38 дахь зочин Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан гуайн лекцийг та http://itoim.mn/article/Foooq/12382 холбоосоор унших боломжтой.