“Тэгвэл та нар жоомоо уралдуулахгүй юу”

2018-03-20 18:07 1833

Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан Дүнжингарав уралдааны соёолон насны морьдын уралдааныг шөнө явуулж, унаач хүүхдүүд гэмтэж, бэртсэнээс болж олон нийтийн дургүйцлийг хүлээгээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо “Хууль бус уралдаан зохион байгуулсан, оролцсон уяачдын цолыг нь хураах хэрэгтэй” гэв. Шөнийн уралдаанд оролцсон уяачдын дотор армийн дөрвөн генерал бий гэнэ.

Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга болсон явдлын дараа “Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул уралдаан зохион байгуулахад оролцоогүй. Гэсэн ч шөнийн уралдаан зохион байгуулсан комиссийн өмнөөс иргэдээсээ уучлал гуйж байна” хэмээн жиргэсэн. Олон нийтийг хамарсан энэ шүүмжлэл Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэгийг багагүй бухимдуулж байгаа бололтой.

Тэрээр өөртэй утсаар холбогдож, асуулт тавьсан сэтгүүлчид “Та нарт өнөөдөр үүнээс өөр ярих сэдэв алга уу. Тэгвэл та нар жоомоо уралдуулахгүй юу?” хэмээн уурласан байна. Мөн өөрийн твиттер хуудсаараа “Монголчууд аа, морио дээдлээд Дүнжингаравт оролцсон бүх уяачдаа дүүжилж алцгаая! Морио дээдэлж, монголчууд аа устгацгаая!“, “Жоом уралдуулж, тахиа зодолдуулж сууцгаая!” гэх мэтээр жиргэсэн байна.

error: Content is protected !!