ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2018.III.19-III.25

2018-03-19 10:48 698

ХОНЬ

Ажил олгогч, ажлын тань өндөр албан тушаалтнууд туршлагатай бөгөөд чадамгай, басхүү хамт олныхоо дунд хүндэтгэл хүлээсэн хүнийг тушаал дэвшүүлэх талаар бодож эхэлсэн бол сонгогдох ёстой тэр хүн нь гарцаагүй та байх болно. Таны хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна аз таныг ивээнэ. Багийн чухал гишүүн гэдгээ батлах ямар нэг оролдого хийхэд гэмгүй. Бямба гаригт ажил төрөл, ашиг орлоготой холбоотой сайхан мэдээ дуулна.

ҮХЭР

Аливаа зүйлд хэт прагматик ханддагийнхаа ачаар та оргилд гарч чаддаг ч оргил хүрэх зам зуурт тохиох жижиг боломж, завшааныг алдаж байдаг. Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн. Айсуй долоо хоногт ч таныг гэнэтийн явдлууд хүлээж байна. Цочирдом гэнэтийн мэдээ таны амьдралыг өөрчилж ч мэднэ. Оюун санаа тань цэлмэг байх тул шинэ зүйл сурч, мэдэхэд өөрийгөө зориулаарай.

ИХЭР

Хайр дурлал, гэр бүл, найз нөхдийн харилцаа таны амьдралд ямар үүрэг рольтой болохыг ухаарсан долоо хоног байх болно. Та хэнд юу өгч чаддаг, хэнээс юу авч чадахаа ойлгох болно. Хувийн харилцаа, бэлгийн амьдралд идэвхтэй байх болно.

МЭЛХИЙ

Бүх зүйл хоёр талтай гэдгийг та маш сайн мэддэг. Харин дунд нь эргэлзэх үе цөөнгүй. Энэ долоо хоногт ч таныг ийм зүйл хүлээж байна. Сэтгэл зүрхээ дагах уу, эсвэл зөв, бурууг ялган тунгаах уу гээд багагүй зөрчилдөөнтэй байх бололтой. Зарим нэг зүйлд сониуч зангаа түрий барихад гэмгүй. Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно.

АРСЛАН

Цаг наргүй ажлын ачаалал, давхар гэр бүлийн хүрээнд үүссэн саад бэрхшээлийг зохицуулах гээд та чамгүй ядрах бололтой. Гэхдээ долоо хоногийн дундаас хойш байдал дээрдэнэ. Амралтын өдрүүдээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, гэр бүлдээ цаг зав гаргаарай. Гэнэтийн гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалтаас татгалз. Санхүүгийн эрсдэл хүлээж болзошгүй.

ОХИН

Таны зүрх сэтгэл хамгийн боломжит нэгнийг хайсаар байгаа бол энэ долоо хоногт та онцгой нэгэнтэй учирч мэднэ. Өөрийгөө тойруулан хана хэрэм босгох хэрэггүй. Аль болох нээлттэй байж, зүрх сэтгэлээ уудал. Эрүүл мэнддээ анхаар. Бямба гаригт сайхан мэдээ дуулна.

ЖИНЛҮҮР

Зүрх чинь үргэлж бусдын төлөө цохилдог. Өөрийгөө хааяа ч болов хайрла. Таныг бухимдуулж, цухалдуулах зүйлсээс аль болох зай барьж, амар амгалангийн эрэлд гар. Амьдралын нөхцөл байдлаа сайжруулахын тулд гэр бүлийнхнээсээ тусламж хүсч болно. Бямба гаригт таагүй зүйл тохиож мэднэ. Гэхдээ үр дүн нь хожмын сайн сайхны эхлэл байх болно.

ХИЛЭНЦ

Үзэл бодол, үг хэлээ цэгнэ. Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусадтай маргалдаж, эвгүй байдалд орох хэрэггүй. Таныг үнэлдэг, хүндэлдэг хүмүүсийг үргээх болно. Ажилдаа мэрийж, зорилготой бай. Ойрын хугацаанд тушаал дэвшиж мэднэ. Хувийн харилцаандаа анхаарч, өөрийнхөө зүгээс шалтгаалах зүйлсийг тултал хийгээрэй.

НУМ

Өөдрөг сайхан долоо хоног байх болно. Ялимгүй жижиг зүйлсээс баяр баясгалан, амар амгалан мэдрэгдэж, амьдралаас таашаал авах болно. Бямба гаригт санхүүгийн таатай зүйл тохионо. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгө орж ирэх бололтой.

МАТАР

Эмзэг мэдрэмтгий үе айсуй. Зарим зүйлд хэт эмзэг хандах хэрэггүй. Өөрийгөө зовоохын нэмэр. Ажил дээр болон гэр бүл дотор таагүй уур амьсгал үүсч болзошгүй. Долоо хоногийн сүүлчээр байдал дээрдэнэ. Амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулаарай.

ХУМХ

Та бол сайн сонсогч. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө ойлгуулах тал дээр санаа тавих хэрэгтэй. Яг үүнээс болж ярвигтай байдал үүсч мэднэ. Бэрхшээл бүрийн өмнө сөхөрч, бусдад бууж өгч болохгүй. Бууж өгнө гэдэг гарц биш. Санхүүгийн хувьд таатай үе байх болно. Гэртээ, эсвэл өөртөө өндөр үнийн дүнтэй, том худалдан авалт хийхээс бүү татгалз.

ЗАГАС

Итгэл үнэмшлээ дагах долоо хоног. Тулгарсан саад бэрхшээлийг та түүний ачаар түвэггүй давах болно. Тулгамдсан үед найз нөхдийн дэмжлэг таныг хүнд байдлаас аварна. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тушаал дэвших, цалин орлогоо нэмэгдүүлэх гээд ажил төрөл, бизнестэй холбоотой таатай явдал тохионо.