Т.Намжил: Таван зүйлийг эрхэмлэсэн гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай амьдардаг

2018-03-12 18:34 1732

Гэр бүл салалт нэмэгдэх болсон энэхүү асуудлаар гэр бүл судлаачаар 40 жил ажилласан, доктор Т.Намжилтай ярилцлаа. Жил ирэх тусам хурдацтай нэмэгдсээр байгаа гэр бүл салалтын гол шалтгаан юу болох, гэр бүлийн харилцааг хэрхэн авч явах, гэр бүл болохоос өмнө юуг анхаарах зэрэг олон сонирхолтой зүйлсийг тэрээр хуваалцсан юм. Энэхүү ярилцлагыг хүлээн авна уу.

-Гэр бүл салалтын тоо Монгол Улсад жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь статистик мэдээгээр харагдах боллоо. Орчин үед гэр бүл салалтын гол шалтгаан юу болоод байна вэ?

-Дэлхий дахинд гэр бүл салалт анхаарал татах асуудал болсон. Түүнчлэн гэрлэлт оройтож, төрөлт буурч байна. Гэр бүл салалтыг байдаг л зүйл гэх ойлголт бий болсон нь гэр бүл салалтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байгаа. Дэлхий дахинд тархаад байгаа энэ ойлголт Монголд ч ялгаагүй байна. Сүүлийн 20 жилд хүний эрх ихээр ярих болсонтой холбогдоод “чөлөөт сонголт боломж” гэсэн ойлголт дэлгэрч байна. Өөрөөр хэлбэл, би хэнтэй ч суусан, би хэд ч салсан миний эрх гэж хэлэх нь манай нийгэмд ажиглагдаж байгаа. Энэ ойлголт нь нөгөө талаар хожуу гэрлэлтийг үүсгэх, гэрлэхгүй байсан ч яахав гэсэн бодол дотоод ухамсарт бий болголоо. Үнэндээ, гэр бүлийн тогтвортой байдал улс орны орших үндэс юм. Тиймээс салалтыг бууруулах, үүнээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийг тогтвортой байлгах асуудлыг зайлшгүй анхааралдаа авах ёстой.

-Дэлхийн дахинд гэр бүл салалт нэмэгдэж байна гэж та хэллээ. Үүнд техник технологийн дэвшил, түүнийг дагаж бий болсон нийгмийн харилцаа нөлөөлж байгаа юу? Сүүлийн үед амьд харилцаа гэж байхгүй болчихлоо гэж яригдах болсон шүү дээ.

-Техникийн дэвшил, гадаад соёлын нөлөө их болсон. Жишээ нь, Монгол Улсын Говь-Алтай аймагт байгаа хүн Америкт байгаа хүнтэй утсаар сүй тавьж байна. Ингэж л юм хөгжиж байна. Байж болно. Гэхдээ нөгөө хүнээ шинжиж, сонгосон үйл явц нь дутмаг болж байна гэсэн үг. Зүгээр л зураг, дүрсээ хараад, дуу хоолойгоо сонслоо гээд бие биенийхээ дотоод сэтгэлийг ойлгож чадахгүй. Ийм гэр бүл хэр тогтвортой оршин тогтнож чадах билээ.

Гэр бүл салалтад нөлөөлж байгаа нэг нөхцөл бол яаран гэр бүл болох явдал. Яаран гэдэг нь нас залуудаа гэрлэх талаар яриагүй, харин нөгөө хүнээ таньж мэдэх хугацааг хамааруулан хэлж байгаа юм. Ханиа болгон сонгох хүнийхээ сайн, муу талыг бүгдийг нь таньж мэдээгүй нь маш том алдаа болдог. Гэр бүл болохоо урьтал болгоод яаран гэрлэснийхээ дараа “энэ хүн өөрчлөгдчихлөө” гэж хэлдэг. Гэтэл тэр хүн анхнаасаа л уг мөн чанарт нь тэр муу зүйл нь байсан л байдаг. Харин түүнийг хэсэг хугацаанд ил гаргаагүй л байгаа юм. Манай нөхөр намайг зоддог болчихлоо, уг нь ийм хүн байгаагүй юм гэж хэлдэг ч тэр хүний дотоод зан чанарт угаас тийм зүйл байсан л гэсэн үг. Энэ зүйл орчин үед бүр их ажиглагдах болсон. Монголын уламжлалд “Заяаны ханиа зөв шинжиж сонгох ёс” гэж байсан. Нөгөө хүнээ 2-3 жил бүх талаас нь таньж мэдэх гэж оролдож, нэг ёсондоо “янзыг нь үзэж” байгаад үнэхээр энэ хүн миний хань болж чадна гэж бодсон бол өврөө нээдэг, үгүй бол хоёр тийшээ болдог байсан. Харин өнөө цагт нэг орой уулзаж танилцаад л ийм ч сайхан, тийм ч сайхан гээд л мөрөөдөлд автчихдаг.

Мөн өсвөр насныхан дурлал гэдэг зүйлдээ хэт хүчтэй орж байна. Хэт хүчтэй мөрөөдөлд автаад тэр нь биелэхгүй болохоор сэтгэл санаагаар унах, архи уух, бүр цаашлаад амиа хорлох алхам хүртэл хийж байна. Үүнд гадаад соёлын нөлөө бий.

Түр хөндийрөлтийн асуудал гэр бүл салалтын бас нэг шалтгаан болж байна. Гадаад ажиллахаар явах, Оюутолгой, Тавантолгойд ажиллах зэрэг нь гэр бүл хөндийрөхөд нөлөөлж байгаа. Тиймээс аль болох гэр бүлээр нь явуулдаг байх нь зөв сонголт. Гэхдээ сүүлийн үед энэ тал дээр анхаарч үзэх хандлага их болсон нь сайшаалтай байна.

-Гэр бүлийн харилцаанд хадмуудын асуудал их хөндөгддөг. Энэ зүйл гэр бүл салалтад нөлөөлдөг үү?

-Амьдралд хадам гэдэг хүн чухал үүрэгтэй. Сүүлийн үед залуу гэр бүлүүд манай ах, эгч, хадмууд гэр бүлийн амьдралд, бидний дотоод асуудалд хэт оролцож байна гэж хэлэх болсон. Сайхан хадмууд олон бий. Гэхдээ болохгүй хадмууд ч их байна. “Хадам сайтын бэр бардам” гэж нэгэн эмэгтэй сайтад сэтгэгдэл үлдээсэн байсныг би уншиж байсан. Харилцан ойлголцож чадсан хүргэн/бэр хадмууд сайхан харилцааг үргэлжлүүлж чаддаг. Харин нөгөө талд сайн нэргүй хүргэн, бэрүүд байна. Манай зөвлөгөө өгөх төв дээр нэгэн эмэгтэй ирж байлаа. Тэр эмэгтэй хэлэхдээ “Надад огт сайн нэр байхгүй. Юу ч хийсэн би бурууддаг. Миний хийсэн бүх зүйл манай хадмын хувьд болохгүй байна гэдэг үгээр төгсдөг” гэсэн юм. Харин би түүнийг “Хадам ээжийгээ айлын хэд дэх хүүхэд болохыг мэдээд ир” гээд явуулсан. Гэтэл түүний хадам ээж айлын дунд хүүхэд байж таарлаа. Ингээд миний түүнд өгөх зөвлөгөө бол “Авах юм аа аваад, бусдыг нь тоолгүй орхи” гэж хэлсэн юм. Яагаад гэвэл айлын дунд хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй байж, үглэж, шаардлага тавьж байдаг. Энэ бол айлын дунд хүүхдийн онцлог. Тиймээс хадмаа айлын хэд дэх хүүхэд вэ, ямар онцлог зан чанартай вэ гэдгийг мэдэж, түлхүүр тааруулна гэдэг шиг тохирох харилцааг бий болгох хэрэгтэй.

-Ингээд харахаар гэр бүлийн харилцаа гэдэг бол маш том шинжлэх ухаан биш гэж үү?

-Гэр бүлийн харилцааны талаар залуучууд үнэхээр мэдлэггүй байна. Бидний хойч үе, залуучууд гэр бүлийн амьдралд мэдлэгтэй хандахгүй бол хуучин аргаар хандах боломжгүй болсон цаг үе. Үнэхээр мэдлэг хэрэгтэй байна, тэдэнд туслах шаардлага байна. Гэр бүлээ аль болох тогтвортой байлгахын төлөө бүх чадлаараа хос хоёр хичээх хэрэгтэй. Гэр бүл салж байгаа хүмүүс шүүх дээр очихдоо хэлдэг шалтгаан нь “нэг л болж өгөхгүй байна”, “энэ хүний зан байдал болохгүй байна” гэх зэрэг ерөнхий шалтаг хэлдэг. Салалт үүсч байгаа эх сурвалж нь бусдыг буруутгаж байгаа хүн өөрөө байх тохиолдол их . Гэвч хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тиймээс гэр бүлийн чинь харилцаа нэг л болж өгөхгүй байгаа бол иргэн та өөрөөсөө эхэл. Мэдээж үүнд маш их тэвчээр шаардана. Жинхэнэ хайр, халамж энхрийлэл, бэлгийн зөв харьцаа, бэлгийн чадамж гэсэн дөрвөн хүчин зүйл гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах эх үндэс. Эдгээрийн тунг тааруулж, эн тэнцүү авч явж чадвал гэр бүлийн амьдрал тогтвортой байж чаддаг. Гэхдээ тэнцвэртэй байдлыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эхнэр хүн байдаг.

-Сүүлийн үед жендэр, тэгш эрх, эмэгтэйчүүдийн карьер гэж их ярих болсон. Үүнээс шалтгаалаад таны сая дурдсан дөрвөн хүчин зүйлийн тэнцвэрт байдал алдагдаад, гэр бүлд зөрчил үүсэх хандлага их ажиглагдах болсон юм шиг харагдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Гадаа ажлыг эр мэднэ, дотор ажлыг эм мэднэ гэж өвгөдийн сургааль бий. Энэ бол эцгийн эрхт ёсноос нүүдэлчдийн үед байсан зүйл. Харин одоо боловсролыг төвшин, ур чадварт өөрчлөлт гараад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ороод ирлээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд тэгш байдал үүсч байна. Бүх зүйлийг хамтарч хийхээс өөр аргагүй цаг үе ирсэн гэсэн үг. Адилхан хоолоо хийх үедээ хийж, төлбөр тооцоо, мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх үедээ аль аль анхаарал хандуулж шийдэх хэрэгтэй. Орчин үед хоол хийх гэдэг эмэгтэй хүний заяасан ажил биш болоод байна. Хамтдаа амьдрах л юм бол бие, хэл, сэтгэл гурав дээр харилцан нөхөлцөж амьдар. Харин сүүлийн үед харагдаж байгаа зүйл бол “ийм зүйлийг мэдэхгүй өдий хүртэл юу хийсэн юм”, “ингээд л хийчих юмыг яагаад чадахгүй байгаа юм” гэж басамжилсан өнгө аясаар бие биетэйгээ харилцах явдал их болсон байна. Урьд ийм мэдлэг, боловсролын ялгаа байсан ч, бие биедээ туслан харилцан ойлголцдог байсан. Ер нь орчин үеийн гэр бүлд боловсрол, эдийн засаг, авьяас чадварын ялгаа, түүний дээр “хобби” гэж яриад байгаа сонирхолын ялгаа их гарах болсон.

Өдөр тутмын харилцаанд таван зүйлийг баримтлах хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ төдийлөн ярилцахгүй байна. Ярилцахгүй байгаа учраас бүрэн ойлголцолд хүрэхгүй байна. Иймээс зөрчил үүснэ. Ойлголцож чадвал хүндлэл бий болно. Хүндэтгэвэл бие биедээ итгэнэ. Итгэж чадвал хоёул сэтгэлийн аз жаргалыг эдэлнэ.

-Таны ярьж байгаа итгэлцэл, хүндлэл, хүлээцтэй байдал гэдэг зүйл сүүлийн үед нэлээд алдагдаад байгаа юу?

-Хамгийн гол зүйл ойлголцохгүй байгаа явдал. Хосууд ойлголцлын давааг давж чадахгүй байна. Ойлголцлын шатыг давахгүйгээс хардах, сэрдэх асуудал үүсч байна. Хий хардах гэдэг сэтгэцийн өөрчлөлтөөс улбаатай зүйл гэр бүл салалтын бас нэг шалтгаан болсон. Эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчихөөд гараад л утсаар ярьж байна гэж байна. Энэ бол сэтгэцийн өвчин шүү дээ.

-Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хандлага хэр их вэ?

-Эрчүүдийн хувьд хүлээн зөвшөөрөх нь маш удаан. Би хэзээ хардаж байсан юм бэ гээд л байдаг.

-Эхнэр нөхрөө хардах нь их байх уу, нөхөр эхнэрээ хардах нь их байх уу?

-Аль алинд л байдаг асуудал. Эрчүүд дотогшоо хүмүүс байдаг болохоор ил гаргахгүй, дотроо шаналах тохиолдол их байдаг бол эмэгтэйчүүд бүх зүйлээ гадагшлуулж байдаг онцлогтой учраас шууд илрэх хандлагатай байдаг.

Хүн ер нь гэдсэнд байхдаа ямар орчинд байсан яг л тийм болдог. Тийм учраас залуучууд хүүхэд тээж байхдаа хэвлийдээ хүн төлөвшүүлж байгаа гэдгийг маш сайн ойлгож, үүнд анхаарах хэрэгтэй.

-Хэдэн насанд гэр бүл зохиох нь хамгийн тохиромжтой гэж үздэг вэ?

-Хамгийн тохиромжтой нас бол эмэгтэй хүний хувьд 25 наснаас өмнө, эрэгтэй хүний хувьд 28 наснаас өмнө гэр бүл зохиох нь хамгийн тохиромжтой . Сүүлийн үед хожуу гэргэлт бий болж байна. Хүний амьдралын эхний 25 жил хамгийн дээд цэгтээ хүрсэн үе. Бие бялдар, оюун санаа гээд бүх зүйл дээр. “Чанартай үр хүүхэд”-ийг энэ үед л олдог. Гэтэл өнөө үед амьдралын шаардлага гарах болсон. Сургуулиа төгсөөд, ажилтай болж, тогтвортой байр сууриа олж, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох хүртэл гэр бүл зохиохгүй гэж ярих болсон байна. Үүнээс хожуу гэрлэлт бий болж, улмаар эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт явагдаж эхэлж байна. Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаанд ч мөн ялгаагүй нөлөөлж байгаа. Эмэгтэйчүүдийн цэвэршилт 55-56 насанд явагдаж эхэлдэг байсан бол одоо 40 гараад эхэлдэг болж наашилсан.

-Одоогийн залуу гэр бүлүүдэд хандаж та юу гэж зөвлөх вэ?

-Хуучны юм бүр хэрэггүй биш. Манай залуучууд нэлээд орчин үежиж байгаа. Зөв замаар орчин үежвэл сайн, гэхдээ шинэ зүйлийг урд байсан зүйлтэй хослохгүй бол зөв явж чадахгүй. Мөн гэрлэхэд насны зөрүүг анхаарах хэрэгтэй. Үе дотроо гэрлэх нь илүү сайн сонголт. Үе дотроо гэдэг нь 12 наснаас доош зөрүүтэй гэрлэлт бий болго гэсэн үг. Хэт хол насны зөрүүтэй байх нь жил ирэх тусам ашиг сонирхлын, алхаа гишгээний, идэж уухын зөрүү гардаг . Тиймээс залуучууддаа үе дотроо гэр бүл зохиогоорой гэж хэлмээр байна.

error: Content is protected !!