ШУУРХАЙ МЭДЭЭ: Шоронд хамт хоригдож байсан этгээдийнхээ гарт амиа алдсан байжээ

2018-03-01 16:39 2759

Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарч, 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар манай сайт мэдээллэсэн. Уг хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон цагдаагийн байгууллагынхан тэр өдрийн шөнөөс эхлэн хүч нэмэгдүүлэн самналт хийж хайсны хүчинд өнгөрсөн баасан гаригийн өглөө Мөрдөн шалгах газрын алба хаагчид баривчилж чадсан юм.

Гэмт этгээд нь дээрх ноцтой хэргийг үйлдсэнийхээ дараа такси хөлслөн зугтаж Улаанбаатараас гарч, Төв аймгийн орчимд явж байхад нь баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргээ хүлээж, талийгаачтай хэдэн жилийн өмнө хамт шоронд хоригдож байхдаа танилцаж, улмаар найзууд болсон талаараа мэдүүлжээ. Мөн эл хэрэг гарах үндсийг талийгаач өөрөө эхлүүлсэн, намайг хоёрыг доромжилж, агсам тавьсан учраас нэг мэдэхэд хутгалсан байсан. Тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Яагаад олон удаа хутгалснаа санахгүй байна” гэжээ. Одоо гэмт этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хориод байна.

Юу болсныг эх сурвалжаас авсан мэдээллээр товчхон сийрүүлбэл эл өдрийн орой 20:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд айлын гэр шатжээ. Галын дуудлагын дагуу тус дүүрэгт дахь онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26-р ангийнхан есөн минутын дотор очиход тэр хавийн иргэд галыг унтраасан байсан аж.

Харин гэрийн гадна 60 орчим настай иргэнийг ийн зэрлэгээр олон удаа хутгалж хөнөөгөөд хутгаа зоолттой чигээр нь орхиод явсан байжээ. Тиймээс онцгой байдлын алба хаагчид эл хэргийн талаар дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэнээр цагдаа нар ирж хэргийг газрын үзлэг хийсэн байна. Улмаар амиа алдсан иргэнийг Чингэлтэй дүүргийн харьяат, 61 настай В гэх хүн байсныг тогтоосон байна. Талийгаач тус хашаанд гэр барьж амьдардаг, хашааны манаач байсан аж.

Мөн хэргийн газрын үзлэгээр талийгаач болон гэмт этгээд нар тухайн гэрт архидан согтуурч, улмаар зодолдсон шинж тэмдэг байсан бөгөөд гэрийн доторх тавилга энд тэнд унаж, эвдэрсэн байснаас гадна 3-4 архины шил эд мөрийн баримтаар олджээ. Улмаар зодооны үеэр гэр нь нурж, гал авалцсан байдалтай байхад нь хавь ойрын хүмүүс нь ийн унтраасан байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй. Өнөөдөр эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийх бололтой.

error: Content is protected !!