Ц.САРАНТУЯА: ШИНИЙН 15-НД БАГТАЖ ЗАСАЛАА ХИЙЛГЭ ГЭЖ ИРГЭДИЙН ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ТҮГШЭЭХ ХЭРЭГГҮЙ

2018-02-21 09:11 1023

Арга дом зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн үзмэрч, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүн удган Ц.Сарантуяагийн ярианд анхаарлаа хандуулья. Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн жилийн болон мэнгэ, суудлын засал, онцгой анхаарах жилтнүүдийн талаар удган ийнхүү мэдээлэл өгч зөвлөж байна.

Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн ерөнхий засал, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөөч?

Нохой жилд 12 жил болгон өөрт тохирсон засалаа сайн хийлгэх хэрэгтэй. Анхаарах жилүүдийг хэлж өгье. 1922, 1933, 1940, 1951, 1958, 1969, 1976, 1987, 1994, 2005, 2012 төрөгсөд амин мэнгэ голлосон тул Жанаггагдог уншуулж, Амин золиг гаргуулж Манал насны тоогоор уншуулах хэрэгтэй. Биеийн мэнгэ нь голлосон 1919, 1928, 1937, 1946, 1955, 1964, 1973, 1982, 1991, 2000, 2009, 2018 онд төрсөн хүмүүс Жанаггагдог, Цэгмэпийг чог уншуулж, Цэнд номыг насны тоогоор уншуулаарай. Эрхтэн мэнгэ голлосон 1926, 1929, 1944, 1947, 1962, 1965, 1980, 1983, 1998, 2001, 2016 онд төрсөн хүмүүс Жанаггагдог уншуулж, Намсрайн даллага авахуулах ёстой. Энэ нь ганцхан эд хөрөнгө дуудсан Намсрай биш шүү.

Насны даллага авахуулна. Гарзын үүдийг хааж олзын үүдийг нээдэг Ямбий дончир номыг уншуулаарай. Хийморийн мэнгэ нь голлосон 1925, 1930, 1943, 1948, 1961, 1966, 1979, 1984, 1997, 2002, 2015 онд төрсөн хүмүүс мэнгэний засалаа хийлгээд Жалцанжимбүүбөнжин гэдэг дарцаг дээр бичсэн нийт ном судрыг хийлгэх нь зүйтэй юм.

Нохой жилийг ивээлийн ивээлийн харш жил гэж хэлсэн?

12 жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах шүтэн барилдлагатай байдаг бөгөөд гурав гурваараа ивээл, дөрөв дөрвөөрөө харш байдаг. Энэ жил тэгэхээр нохой жил гарсан ч нохой, бар, морь жилтнүүдийн хувьд ивээлийн ивээлийн харш жил тохиож буй учраас тайвшрах хэрэггүй байх нь ээ. Ивээлийн харш жилд Түнсэмийн засал хийдэг. Гарз гарах тул худалдаа наймаа хийхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Хийморийн сан олон удаа тавиулаарай. 365 хоногтоо хэдэн ч удаа тавиулж болно. Мөн Цагааншүхэрт уншуулж, Цагаан шүхэртийн догжир номыг хийлгэх хэрэгтэй.

Өөр ямар жилтнүүд юуг анхаарах ёстой вэ?

Хулгана жилтнүүд жич засал хийлгэх хэрэгтэй. Хулгай дээрэм ихтэй. Гал усны аюулаас болгоомжлох хэрэгтэй. Гал их гарна. Бороо цас орох цагтаа орно. Ерөнхийдөө сайхан жил болох ч жил жилийнхээ заслыг хийлгэчих хэрэгтэй. Шороо, хий , огторгуй, ус, гал суудалд суусан хүмүүс анхаарах хэрэгтэй. Гал суудалд суусан хүний олзын үүд нээгдэж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтдэг ч 2018 оны намрын адаг сарын 10 сарын 20-ны өдөр баруун хойд зүг рүү явахад маш муу. Анхаарах хэрэгтэй. Ийм учир утгатай юмнуудаа мэдсэн байхад Монголын ард түмэн түвшин сайхан байна.

Энэ жил хулгай, галын аюул их гарна. Онцгойлон хэлэхэл жил нь орсон хүмүүс оршуулгад явж болохгүй хурим найрны ажилд зайлшгүй орох хэрэгтэй бол цээрийг нь гаргах хэрэгтэй. Эрэгтэй хүн жилээ угтаж ордог эмэгтэй хүн жилээ үдэж дагаж ордог. 9 улаан мэнгэтэй 1964 оны луутай хүмүүс мэнгэ голлосон Дүнсэр буюу их харш жилтэй учирсан. Хулгайд юмаа алдаж болно, замд гарахдаа аян замын ерөөл сайн уншуулах хэрэгтэй. Үхэр болон хонь жилтэй хүмүүс шишдийн засалтай. Жадамба, Ногоон дарь эх уншуулж амин золиг гаргуулах шаардлагатай. Гахай жилтнүүдэд цагаан жил боловч логир ургах тул сэтгэл санаа нь тайван биш жил. Тийм учраас Маналын чог уншуулж сахиусаа тахиулах хэрэгтэй.

Жил орж байгаа хүмүүс анхаарах 9 нүдний засал гэж байдаг. Нэг насанд 9 нүдний засал орно. Нэг насны буюу жилийн 365 хоног 9 нүдэнд таарсан байдаг. 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиодог. Мөн 4, 2, 18, 36, 54 насанд есөн нүдний засал бий. Тэгэхээр хийморийн сан олон тавиулж усан балин болон балин тахил өргүүлэх хэрэгтэй. Насны хишиг даллага авахуулна гэж байдаг. Хүний насанд цөв сууна гэж байдаг. Засалаа сайн хийлгэхгүй байж байтал амьд модны найлзуур нь бөхийх юмуу хугарч цөв суудаг. 3, 4, 27, 72 насанд 9 нүд бас таарна. Тэд ад зэтгэрийн хөнөөлтэй тул газар ус өвс ногоо байгальтай зөв харьцах хэрэгтэй. 4, 45, 63 насанд 9 нүд таарахдаа зовлон авч ирдэг. Тийм учраас Цагаан шүхэртийг нас тоолон уншуулж Сундуй айлтгуулаарай.

Ер нь 9 нүдэнд эзлэгдсэнээр амь нас хорлолтой байдаг тул учир засалаа сайн хийлгээрэй. Эд хөрөнгө гэдэг өөрийн хүч хөдөлмөрөөр бүтдэг тул хүн өөрөө эрүүл саруул зөв амьдарч 365 хорлолд өртөхгүйн тулд засалаа сайн хийлгэх хэрэгтэй. Айх аюулгүй амар тайван болдог шүү дээ.

Бид өөрсдөө нарийн сайн мэддэггүй болохоос энэ жилийн засал дотор маш олон утга учир оршиж тохиолууд засагдаж байдаг бололтой юм?

Тийм шүү дээ. Сүсэгтэн олон иргэд энэ бүхнийг нэгд нэгэнгүй мэдэхдээ гол биш мэддэг хүмүүс гандан хийдэд очиж засуулах нь чухал юм. Жишээ нь энэ жил бар жилтнүүд сүлд тэнэх, насанд цөв суух учир анхаарах хэрэгтэй. Хүний настай холбоотой сүлд хийморь гэж бий. Сүлд тэнэх юмуу Ламчин таарвал нас нь доройтож амин модны найлзуур хугарч бөхийдөг. Иймд маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн ясан нүдний суудал таарсан хүмүүс их болгоомжтой байх хэрэгтэй. Морь мал, адгуус амьтнаас болгоомжлох хэрэгтэй. Үхэр, туулай, могой, хонь, тахиа жилтнүүд суудлын өнцөгийн засалтай. Үүнийгээ болгоомжилсон нөхцөлд бол гайгүй. Суудлын өнцөг нь огторгуйд тохиотол огторгуйн үүд нь бас нээгдчихсэн байх жишээний. Тийм учраас Цагааншүхэрт уншуулж насны чог үйлдэх хэрэгтэй.

Хар нохойн ам аль зүгт байгаа бол. Амин золигоор хар нохойш хуурдаг гэж та ярьж байсан?

Нохой жилийн хар нохойн ам жилийн баруун хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь зүүн зүгт байгаа. Хар нохой хаанаас юу ирнэ тэрийг шиншилж авах гээд байж байдаг. Тэгэхээр тухайн айлыг бүтэн жилийн турш муу муухай бүхнээс ангид байлгаж, хүн, малын гарзгүй байлгахаар амин золигийг хар нохойн ам руу бие төлөөлөгч болгон явуулдаг юм. Амин золигийг нүцгэн биеэр нь явуулна.

Эсвэл хувцаслаад явуулж ч болно. Хар нохойн ухаан санааг нь үймүүлж хуурах гээд байна хэрэг юм. Амин золиг хийлгэсэн байхад айл хотол, ах дүүсээрээ тайван сайхан амьдарч болдог. Манайхан сүүлийн үед ном тоослодог шиг хөнгөвчилж байна. Миний хувьд арвайн гурилыг шар тос элсэн чихрээр багсарч, нүд хөмсөг, сормуус хийж, хар өвсөөр амилуулж хийдэг.

Жил нь орж байгаа хүмүүс ямар засал хийлгэх вэ?

Заслыг тоочоод тодорхой хэлээд байх шаардлага байхгүй. Нэг хүний хэлснээр хийлгэх нь өрөөсгөл. Гандан хийд рүү явж хийлгэнэ. Зарим нь тусдаа өөрсдийнхөө шүтдэг хүмүүсээр хийлгэдэг. Энэ нь зөрөх тохиолдол бий.

Заслыг шинийн 15-нд багтааж хийлгэнэ гээд ажил төрөл нь амжихгүй сандардаг. Тэгээд нөгөө 15 өнгөрчихөөр одоо ч үйлчлэхгүй биз гээд орхидог үзэгдэл нийтлэг байдаг. Энэ талаар?

Шинийн 8, 10, 15, 25, 29, 30-нд дэлхийг сахисан Гомбо, Баян намсрай, Лхам, Жамсран гэсэн дөрвөн бурхан дэлхийг эзэлчихсэн байдаг. Энэ нь бидэнд ээлтэй ямар ч ажлыг бүтээнэ, тэнгэр хангай дэлхий ертөнц эзэнтэй байна гэсэн үг. Тэрнээс биш энэ нь 15-нд багтааж засалаа хийлгэ, тэгэхгүй бол муу гэсэн утга биш юмаа. Шинийн 15-нд багтаад засалаа хийлгэчихээрэй гэхээр эдийн засаг нь хямарсан хүмүүс зөндөө байна.

Хүн л юм чинь багтаад хийлгэчий гэж бодно, гэтэл эдийн засаг нь болж өгөхгүй сэтгэл санаагаа хямраагаад явдаг. Үнэндээ бол бүхэл бүтэн 365 хоногтоо амжаад л хийлгэчих хэрэгтэй. Шинийн 15-нд багтаж засалаа хийлгэ гэж иргэдийн зүрх сэтгэлийг түгшээх хэрэггүй гэж хэлмээр санагддаг.

Танд баярлалаа.

error: Content is protected !!