Ерөнхийлөгч Х.Баттулга 40 хэмийн хүйтэнд нарийн ногоо тарьж, өдөрт тонн ургац хураадаг хүлэмжээр зочиллоо

2018-02-08 20:55 654

Бид энэ удаа Төв аймгийн Баянчандмань сумын наахна байрлах Монголын хамгийн том агрофарм буюу “Төгс ургац” компанийн ногооны үйлдвэрт зочиллоо. Эднийх нийт 10.000м2 бүхий талбайтай, жилийн дөрвөн улиралд үйлдвэр доторхи темпратурыг 24-29 хэмд барьж, байнгын ургац авах томоохон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон албаны зарим хүмүүс хэвлэл мэдээлэлиинхэн энэхүү бүтээн байгуулалттай очиж танилцлаа.

Тус хүлэмжнии хувьд “Төгс ургац” компанийн ногооны үйлдвэрийн хана, тааз хуурай шилээр хийгдсэн бөгөөд доторхи бүх систем нь бүрэн автомат байсан нь бидний анхаарлыг татсан юм. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, -40 хэмийн хүйтэнд өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалах боломжтой болжээ. Одоогоор тус үйлдвэр зөвхөн өргөст хэмх ургуулж, дотоодын зах зээлд өдөрт 300 кг-аас 1,5 тонн өргөст хэмх нийлүүлж байна. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан байна.


Түүнчлэн энэ аварга хүлэмжид шороо гэж огт байхгүй бөгөөд бүх ургамал газраас хөндий, тавиурууд дээр ургаж байв. Ингэхдээ хонины ноос болон чулуунаас гаргаж авсан хиймэл хөрсөнд ногоонуудаа тариалж, дуслын системээр ус болон шаардлагатай эрдэс бодисуудыг өгч байв.

Төрийн тэргүүн “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого болон өвлийн хүлэмж олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн ногооны хэрэгцээг эхний ээлжинд хангахад дэмжлэг үзүүлэх талаар ярив.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр би энэ хүлэмжийг үзэх гэж зорьж ирлээ. Улаанбаатар хотоос 40 километрийн зайд “Төгс ургац” нэртэй өвлийн хүлэмж байгуулагдсан байна. Өдөрт нэг тонн ургац хураадаг юм байна. Хөрснөөс ургуулдаггүй, Монгол компанийн үйлдвэрлэсэн хөрсөн дээр тарьж байна. Улаанбаатар хотын өргөст хэмхний өдрийн хэрэгцээ таван тонн байдаг. Цаана нь импортын дөрвөн тонн өргөст хэмхний хэрэгцээ байгаа биз. Тэгэхээр бодлогоор хүнсний салбараа дэмжих юм бол хэрэгцээгээ дотооддоо хангаад байж болно. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажлын байр бий болгож чадна. Өнөөдөр бид их хэмжээний хүнсний ногоог валютаар авч, хэр зэрэг чанартай хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс энэ салбарыг аль ч Засгийн газар нь дэмжээд ажиллах ёстой. Би Төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндэсний чуулган хуралдуулж байсан. Энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаасай гэх үүднээс зорьж ирсэн юм шүү” гэв

Жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж барих, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах байхдаа санаачлан эхлүүлж, Улаанбаатар хотын хүн амыг шинэ ногоогоор хангах зорилго тавьж байсан юм.

Мөн Төрийн тэргүүн 2017 оны есдүгээр сард Хүнсний аюулгүй байдлын чуулган зохион байгуулж, энэ үеэрээ “Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж, бодитойгоор дэмжвэл найрлага нь тодорхойгүй, химийн бордоогоор бордсон ногоо импортлохыг хязгаарлах шийдэл болно. Монгол Улс дөрвөн улиралтай, өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой” гэж байсан юм