Г.БАТМӨНХ: Үг хэлэхдээ М.Энхболдын нэрийг хавчууллаа гэж хорооны ажилтан уурласан

2018-02-05 21:29 720

“Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” гэх тодотгол бүхий дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, үг хэлсэн бүсгүй “од” болж буй. Ядуурал, архидалт, гэмт хэрэг газар авсан, төрийн албаныхны авлига, хүнд суртал, бурангуй байдал бугшсан энэ нийгмийн өмнөөс үгээ хэлэхийг хүсэж буй олон хүнийг төлөөлөн дуугарсан тэр бүсгүйг уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнийг Галсанпунцагийн Батмөнх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20- нд тус дүүргийн иргэдтэй уулзах үеэр үг хэлсэн түүнийг дэмжиж, бас зургийг нь янз бүрээр эвлүүлэн шоглосон.
-Ерөнхийлөгчийн уулзалтад хэлсэн үг тань олон нийтийн сүлжээнд эрчээ авлаа. Хүмүүс бичлэгийн доор сайн, муу янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Та нэгбүрчлэн уншиж байна уу?

-Хэлсэн үг минь ингэж тарна гэж мэдээгүй. Хэн, юу бичсэн бол гэж айгаад харж чадаагүй. Дүү минь харин нэгд нэгэнгүй уншаад “Таныг дэмжсэн хүн олон байна” гэхэд нь санаа амарсан. Хүмүүс намайг яагаад ингэж бухимдаад, янз бүрийн юм яриад яваа юм гэж гайхаж магадгүй. Улс орны байдал эмзэг, хэцүү байгааг хүн бүр харж, мэдэрч буй. Ийм байхад над шиг бухимдахгүй бол монгол хүн биш. Намайг ингэж ярилаа гээд буруутгасан хүмүүс цаашид хүүхдээ ийм улсад яаж амьдруулах вэ гээд бодоод үз.

-Танд нэлээд том асуудал тулгарсан болохоор л олон нийтэд, Ерөнхийлөгчид хандаж үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн үү?

-Би 2002 онд БНСУ явж, тэнд 12 жил ажиллаж, амьдраад 2013 онд Монголдоо ирсэн. Одоо солонгос, англи хэлний орчуулагч хийж байна. Түүнийхээ хажуугаар нэг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүр ч гэж дээ бараг ТҮЦ. Ээж маань 10 гаруй жил ажиллуулаад, уушгины хорт хавдраар нас барсан. Түүнээс хойш уг ажил миний нуруун дээр ирсэн. Өөрөө ажиллуулах хэцүү болохоор одоогоор түрээсэлчихсэн. Дотор нь бүхэл бүтэн 10 гаруй цаг суухаас эхлээд олон хүндрэл бий. ТҮЦ, дэлгүүр ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг олон хүн миний хэлж буйг ойлгоно. ТҮЦ ажиллуулахад төрөөс ямар их дарамт, шахалт үзүүлдэг гэж санана. Худалдаа, үйлчилгээний эрх авахын тулд жил бүр өчнөөн бичиг баримт бүрдүүлдэг. Тэдгээрийг нь зүгээр ч нэг бүрдүүлчихгүй шүү дээ. Шат шатандаа авлига, хүнд сурталтай. Дээр нь цагдаагийнхан байнга ирж мөнгө авдаг, эсвэл сүрдүүлдэг. Тамхи зарлаа гэж дарамталдаг. Тамхины хяналтын тухай хууль нь үнэхээр утгагүй, хэзээ ч хэрэгжихээргүй байхад шүү. Санаачилж, батлуулсан хүн нь өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи уусан биз дээ. Би цагдаа нарыг муулах гэсэнгүй. Тэдний ажил ийм. Гол буруутан нь бодлого боловсруулагчид. Энэ нийгмийн муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлүүд дээрээсээ доош урсгалтай. Үүнд л би бухимддаг. Өөр улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарч үзсэний хувьд хэлэхэд, манай төр, засаг ард түмнээрээ ажил хийлгэхгүй байна. ТҮЦ ажиллуулахад хүртэл саад болдог. Бид чөлөөтэй ажиллаж чадахгүй, боомилогдчихсон учраас хүмүүс гадаад явах гээд үхэн хатан зүтгээд буй. Үүгээр зогсохгүй, энэ улсад шударга ёс алга. Манай гэрийн цонхоор хулгайч орсон, би шийдүүлж чадаагүй. Гадаа машинаа тавихаар тоночихдог, бас л хохирлоо барагдуулаагүй. Иргэд хэзээ ч асуудлаа шийдүүлж чаддаггүй, үргэлж хохирч амьдрах ёстой юм уу.

БНСУ-д амьдарч байгаад эх орондоо ирээд олон зүйлийг харьцуулж харсан байх.

-Солонгост байхдаа би улс төрийг нь мэддэг ч үгүй байсан. Ард түмнээ улс төр бодох шаардлагагүйгээр аятайхан амьдруулж чаддаг. Гэтэл Монголын улс төр бидний амьдрал руу дайрч орж ирж байна. Бусдад дараа бололгүйгээр өөрийн амьдралыг аятайхан аваад явчихъя гээд зүтгэхээр боомилдог. Харийн орныг сурталчлаад байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна. Би тэнд ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө хоёр дүүгээ сургууль соёлтой болгосон. Монголд амьдарч чадахгүй гэхээр нь нэг дүүгээ АНУ руу явуулсан. Дүү маань одоо тэр улсын иргэн болсон. Дуртайдаа тэнд амьдраагүй. Адилхан л ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ энд биш, тэнд амьдрал нь илүү бүтдэг. Ингээд л бид хүмүүсээ нэг нэгээр нь алдаад байна. Би дүүгээ, улс маань нэг иргэнээ харьд алдчихаж байгаа биз дээ.

-Та эхлээд зүгээр үг хэлж байснаа дараа нь нэлээд чанга хашхирсан. Олон хүний дунд сандарсан уу. Ярианы өнгө тань цахим орчинд элдвээр шоглуулах гол шалтгаан болсон.

-Би огт сандраагүй. Харин хэлэх үгээ сайн бэлдээгүй байсан. Гол зүйлээ цаасан дээр гялс бичээд гарсан юм. Бүх үгээ хэлэх гэсээр байтал хугацаа дууссан. Надад бухимдаж явдаг зүйл өчнөөн бий. Ярианы өнгө аясын хувьд бол би угаасаа чанга дуутай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэр хуралд очоод Монголын иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг өөрийнхөөрөө хэлье гэж бодсон. Харь газарт олон жил амьдарсан хүн эх орноо үнэхээр үгүйлдэг юм билээ. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжилд зориулж чадаагүйдээ харамсдаг. Намайг, бас гадаадын олон орныг зорьсон хүмүүсээ эх оронд нь ажиллуулж, ашигласан бол манай улс одоогийнхоосоо хавьгүй илүү хөгжинө биз дээ.

Ингэж боддог хүн алга. Манай ардчилал хүнээ хаячихсан. Яг намайг хаясан шигээ тал тал тийш тарж бутарсан монгол хүнээ ч тоолгүй орхисон. Би хэдийгээр мундаг том сургууль төгсөж, айхтар боловсрол эзэмшээгүй ч ардчилал гэдгийг хүн гэж ойлгодог. Улс орон ард түмэн дээрээ л тогтоно. Улсын хөгжил иргэдийн сайн сайхан амьдралаар тодорхойлогдоно. Ард түмнээ бодож, сайхан амьдруулж чадвал улс аяндаа хөгжинө.

Үргэлжлүүлэх.

http://unuudur.mn/article/103000

Шинэ мэдээ

error: Content is protected !!