Тээвэрчин эмээгийн зүүд шиг амьдрал

2018-01-18 14:47 1051

Тээврийн алтан замаар 33 жил жолоо мушгиж, авто тээврийн салбарт насаараа зүтгэсэн Монголын анхны эмэгтэй жолооч, буурайн гэрт зочлохоор Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоныг зорилоо. Эрэл сурал болж явсаар, шинэхэн баригдсан бололтой өндөр цагаан байрны үүдэнд ирэв.

Сайхан инээм­сэг­лэж, уриалгахан ярих хижээл нас­ны найрсаг эмэг­тэй биднийг тос­лоо. Дотогш орвол саруулхан то­хилог өрөөний хойморт, хөх тор­гон дээлэн дээр ногоон хор­гой алчуур зангидаж, одон ме­далиар энгэрээ гоёсон дун цагаан тэргүүнтэй жижигхэн эмээ эвхмэл буйдан дээр тухлан суув.

Жаргалтай, зов­лонтой орчлонгийн өдөр бүр атираа болгонд нь шингэсэн бо­лов уу гэмээр энэ хөгшин бол Мон­голын анхны эмэгтэй жо­лооч Балдангийн Сосор гуай юм. Тэрбээр 1922 онд тэр үеийн Тү­шээт­хан аймгийн Говьтүшээ гүн хошуунд төрсөн аж. Хоёрхон нас­тайдаа эхээсээ өнчирч хоцрон, хойд эхийн хатуухан гарт хүүхэд насаа өнгөрөөсөн тэрбээр 17 насандаа жолооч болж, насаараа тээврийн тэрэг жолооджээ.

Жолооч болсон тухайгаа дур­сан ярихдаа “Миний ах Б.Эр­дэнэ-Очир “Чийчаан өнхрүүлдэг” хүн бай­сан юм. Намайг 12 настай бай­хад ах маань том машин жо­лоодон нутагтаа очиход хүүх­дийн сониуч зангаар жолоог нь муш­гиж үзсэн. Тэр цагаас хойш “чийчаан өнхрүүлдэг” хүн болох хүсэл төрсөн” хэмээн цаа­наа л өөрийгөө өхөөрдөн, инээм­сэглэн ярина.

Түүнийг ну­тагтаа мал маллаж байх үед ах нь жолооч болчихоод, 1936 онд ну­тагтаа очиход өмхий үнэртэй бен­зин тос ханхлах “чийчаан”-ы сургаар нутгийн зон олон, морь, мал, нохой хүртэл хулжиж байхад хөдөөгийн бяцхан охин ахынхаа явж өнгөрсөн говь нут­гийн элсэн дээр гарсан “чий­чаан”-ы мөрөн дээр хэвтэн, ал­сын мөрөөдөлд автан байсныг өөрөөс нь өөр хэн ч мэдээгүй хэ­мээн ярих аж. Араг үүрч, аргал түүж, хонь хариулж явсан божин бор охин тээврийн жолооч бол­но гэж хэн зүүдлэх билээ.

1939 оны хаврын нэг өдөр Улаан­баатар хотын Цагаан­хуа­ран дахь “Монгол тээх”-ийн харьяа “Жолооч бэлтгэх сур­гууль”-д нутгийн залуу Гүн­сэн­гийн хамт очиж, бүртгүүлэх гэ­тэл, “Насанд хүрэгсдийг л бүрт­гэнэ. 17-той хүүхэд авахгүй” гээд буцаасан аж. Гэвч их хүсэл­дээ автан, шантралгүйгээр мар­гааш нь дахин очиж өөрийгөө 18 настай хэмээн худал хэлж бүрт­гүүлснээр жолооч болох анх­ны гараа нь эхэлсэн аж.

Түү­нээс хойш тасралтгүй 33 жил ма­шин жолоодож, гавьяаны амрал­тан­даа гарсан тэрбээр одоо хө­дөлмөрийнхөө үр шимийг хүр­тэн, хоёр өрөө шинэхэн орон суу­цандаа тухтай амьдарч байна. Б.Со­сор гуайг гэр хороололд зут­руухан амьдарч байхад Зам тээв­­эр хөгжлийн яам болон UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийн хамт олон са­наачилга гарган Авто тээв­рийн үндэсний төв зохион бай­гуулж хоёр өрөө байр авч өгсөн гэнэ.

Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээв­рийн бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын дарга С.Бат­болд ярихдаа “2017 оны тав­­дугаар сарын сүүлээр ЗТХЯ-ны Д.Ганбат сайдын нэр дээр энэ хүний төрсөн цагаас ава­хуу­лаад хийж гүйцэтгэсэн ажил гээд бүх материалуудыг бүр­дүүл­сэн, “Орон байрны асуу­далд тусламж үзүүлээч” гэсэн өр­­гөдөл ирсэн. Бүрдүүлж өгсөн ма­териалаас нь хараад л энэ хүн ямар чамбай, хөдөлмөрч хүн бэ гэдэг нь харагдсан. Зам тээв­рийн салбарын 92 жилийн ойг то­хиолдуулан энэ хүнд байр бэ­лэглэх шийдвэр гаргасан юм.

Гэх­дээ шууд байр худалдаж аваад өгчих боломж байхгүй уч­раас хандив цуглуулъя гэсэн ший­дэлд хүрсэн. Ингээд бүтэн сарын хугацаанд Гашуун сухайт, Шивээхүрэн боомтын чиглэлд улс хоорондын ачаа тээвэрлэдэг ком­паниудаас хандив цуглуулс­ны эцэст 2017 оны долдугаар сарын 08-ны өдөр шинэ байрыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн” гэлээ. Сай­хан сэтгэл ямагт сайн үр да­гаврыг л дагуулдаг. Энэ аж­лыг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохи­цуу­лах газрын мэргэжилтэн З.Чүн­сэрээ болон Авто тээврийн үн­дэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн ачаа тээврийн тасгийн дарга Н.Отгонсар, мөн тус газрын Улс хоорондын ачаа тээвэр хариуц­сан мэргэжилтэн Э.Цолмон нар гол­лох үүрэг гүйцэтгэж ажил­лас­ныг С.Батболд дарга онцолж байв.

Байрны сонголтыг хэрхэн хийсэн талаар мэргэжилтэн З.Чүн­сэрээгээс тодруулахад, “Би­дэнд өргөдөл ирсний дараа хаягаар нь очиж амьдралынх нь нөх­цөл байдалтай танилцсан. Тэгэхэд Б.Сосор гуай энэ газар маш олон жил амьдарсан байсан. Тиймээс энэ хавьдаа ижил дасал болсон байх гэдэг үүднээс энэ орчимд нь байр сонгоё гэж шийдсэн хэрэг.

Бидний сонгосон байр бүрэн цутгамал, маш сайн чанарын байр учраас настныхаа тав тухтай амьдрах нөхцлийг бодож сонголтоо хийсэн. Наран талдаа цонхтой тул давуу тал олон. Түүнээс биш ашиг со­нирхлын зөрчил байгаагүй” хэ­мээн ярилаа. Тэдний сайхан сэт­гэл, сайн үйлсийн шударга ариун мөрөөр авто тээврийн сал­барт залуу нас, хүсэл мө­рөөдөл, амьдралаа холбосон нэ­гэн настан дулаахан тохилог, жар­галтай амьдарч байна.

Хөл хөөр болж биднийг дай­лан, байр бэлэглэсэн бай­гуул­ла­гынхаа даргыг хүлээх зуур би­дэнд туулж өнгөрүүлсэн амьд­рал, залуу нас, жолооны ард өнгө­рүүлсэн он жилүүдийнхээ дурсамжуудыг сэтгэл хөөрөн ярьж суулаа. Түүний ярианд алмайран суух биднийг нэгэн үе инээлгэж, нэгэн үе эмзэглүүлэх олон түүхийг хуучлав. Галзуу чонотой дайралдаж, ганцаар хээр хонож явсан гээд кино шиг өдрүүдийн тухай ч ярилаа.

Заяа холбож, насаараа ханилсан ханийнхаа тухай ч эргэн дурс­лаа. Энэ бүхнийг ярихдаа ну­лимс унагаагүй “тэнхээтэй” эмээ “Бөмбөгөр ногоон театр” шат­сан тухай ярихдаа хоолой нь зан­гирч, гэ­нэт сувдан цагаан нулимс бөмбөрүүллээ. Сонсогдох, сонсогдохгүйн хооронд “хайран сайхан театр” хэмээн бувтнах нь тэр театртай хэний ч мэдэхгүй нууц сэжмээр холбоотой байсан юм болов уу гэмээр. Сэтгэлд нь үлдсэн гүн харууслын шарх одоо ч аниагүйн баталгаа болж, энэ дүр зураг зочилсон бидний сэтгэлд харагдах биз ээ.

Тэрбээр эх орны дайнд 19 настай “булуу тэрэг” гэх том ма­­шин жолоодон Замын-Үүд рүү холбоочноор явж байс­наа бахархан ярих дуртай аж. Энэ тухайгаа, “Би улсдаа их юм хийж гийгүүлсэн гэж бод­дог­­гүй. Гэхдээ дайны үед хол­боо­­чин байна гэдэг том үүрэг бай­сан юм шүү” гээд цаанаа л таа­халзах аядан, царай нь бад­рангуй болох аж. Бүтэн зуу­ны түүхийг гэрчлэх, эдүгээ 97 насыг зооглож буй энэ буурайн ухаан санааны сийргийг очсон зо­чид ам булаалдан гайхах аж. Хагас жарны өмнөх явдлыг өчигдөрхөн болоод өнгөрсөн мэт тов тодхон санаж байгаа нь гайхмаар. Бүр хэн гэдэг хүн, хэдэн онд, хэдэн сард яасан бэ гэдгийг бүгдийг яг л компьютерт сануулсан мэт ярих аж.

…Замын голоор жирийж байх нь сайхан

Замын хажууд торойж байх нь муухай. Торойж ч үзсэн, жи­рийж ч явлаа…хэмээн туулж өнгөрүүлсэн жолоочийн амьд­ралаа хоёрхон мөрөнд багтаан хөг­жил­тэйгээр ярих нь түүний ухаан хэчнээн цэлмэг, мэргэн бо­лохыг дахин батлах мэт.

Ши­рээ засч, тусгайлан бууз жиг­нэн яг л тэмдэглэлт баяр мэт сүр дуулиантай зочлуулсан эмээ биднийг гарахад хүн бү­рийг үнсэн “Урт насалж, удаан жар­гаарай” хэмээн ерөөв. Ухаантай, хөг­жилтэй, тэнхээтэй жижигхэн эмээдээ эрүүл энхийг хүсье.

Шинэ мэдээ

error: Content is protected !!