Т.Лхагвасүрэн: Охины минь цогцос дээр Жавхлан ээж, дүү хоёртойгоо орсон байсан

2018-01-11 15:18 2432

Zindaa.mn сайт “Дуулианы мөрөөр” буланг бэлтгэн уншигчиддаа хүргэсэн байна. Энэ удаад харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн талаар сурвалжилсан байна.

Нийгмийг цочирдуулсан хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө гарсан юм. Тус буудалд 13 настай М охин амиа алдсан бөгөөд хэргийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхийн шатанд шилжсэн байна. Энэ тухай болон хэргийг шалгах явцад шинээр илэрсэн ноцтой баримтуудын талаар Талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

– Таны охинд тохиолдсон хэрэгт гүнээ харамсч байна. Хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн гэх мэдээлэл байна?

– Мөрдөн байцаалт дуусч хяналтын прокуророос шүүх рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байна. Сэжигтэн Жавхлангийн өмгөөлөгч Цэрэнпунцаг шүүх хурлаас өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийе гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Хэлэлцүүлгийн Пүрэв гарагт зохион байгуулахаар болсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн дүнгээс шүүх хурал зарлагдах тов эсвэл мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарна. Бид шүүхээс үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг л хүсч байна.

– Сэжигтнүүд танай гэр бүлийнхнээс уучлалт гуйсан уу?

– Үгүй. Бараг хагас жил өнгөрч байхад нөгөө талаас уучлалт гуйж нэг ч удаа ирээгүй. Би хохирол барагдуулах болон оршуулгын зардал нэхэмжилсэн ч хүлээж аваагүй. Би маш их гомдолтой байна. Хэрэв тэд миний охиныг амьд үлдээсэн бол оршуулгын зардал нэхэх үү.

– Шалгагдаж буй хоёр этгээдээс гадна хэрэгт холбоотой байх магадлалтай хүмүүс бий гэсэн?

– Тийм. Би охиноо хэдэн цагт буудалд орсон, охины минь амиа алдсан өрөө рүү ямар ямар хүмүүс орж гарч байсныг шалгахын тулд “Очир” зочид буудалд очсон. Тэгэхэд зочид буудлын пабд сууж байсан нэг залуу миний хажууд ирээд “Та нар нөгөө нас бардаг охины гэр бүлийнхэн нь үү. Танай охины зүрх нь хаагдаад үхчихсэн. Олон чулуу бариад байсан тэр юу вэ” гэж байсан. Тэгэхээр нь би “Та өөрөө юун хүн бэ юу яриад байгаа юм. Чи яаж эрх барьж байсныг нь мэдсэн юм” гэж асуухад нөгөө хүн “Өрөөнд нь орж үзсэн. Би зүгээр л үйлчлүүлэгч” гэж байсан юм. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, ахлах дэслэгч, хэргийг анх шалгаж байсан Пүрэвдорж руу утсаар тухайн зочид буудлаас шууд холбогдсон. “Энд нэг хүн охиныг минь амиа алдахад нь хамт байсан юм шиг зүйл ярилаа. Би зургийг нь дарсан” гэж хэлсэн юм. Мөрдөн байцаагч Пүрэвдорж “Согтуу хүний үгэнд итгэхгүй” гээд ирээгүй. Дараа Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба руу шилжсэний дараа өөр мөрдөн байцаагч дээр очсон юм. Тус байцаагчдаа нөгөө буудалд таарсан хүнийхээ зургийг өгч, эрэн сурвалжлах ажиллагааг хийлгэсэн боловч, тус этгээдийг олж чадаагүй. Анх хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албыг хариуцсан ахлах мэргэжилтэй Лхагвасүрэн олон нийтэд өгч байсан. Тэрбээр “Очир” зочид буудалд болсон хэрэгт гурван хүнийг шалгаж байна гэж байсан юм. Тухайн үеийн мэдээллээс үзэхэд хэрэгт холбоотой байх магадлалтай өөр нэг хүн бий гэж манай гэр бүлийн зүгээс үзэж байна.

– Хэрэг болдог өдөр охин тань тэр чулууг биедээ авч явсан уу?

– Байсан. Хүүхдэд ээлтэй гээд чулуу байдаг. Охин минь тус чулууг биедээ байнга авч явна. Хэргийн дараа нь эд мөрийн баримтуудыг шалгаж үзэхэд чулуунууд байхгүй байсан.

СЭЖИГТЭН ЖАВХЛАН 16 САЯ ТӨГРӨГӨӨР ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСӨЛСӨН

– Хэрэгт холбогдоод байгаа Жавхлан, Амарболд нарыг хорьж байгаа юу?

– Хэрэг гарсны өглөө нь тус этгээдүүдийг эрэн сурвалжлахад Жавхлан оргон зайлж, Амарболд нь гэрээсээ баригдсан гэдгийг. Гэвч тэднийг тухай өдөр батлан даалтад гаргаж, сар гаруй гадуур байлгасан. Энэ хугацаанд хэргийг замхруулах бүхий л арга хэмжээг авч болно. Одоо тэд хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

– Хэргийн тухай зөрүүтэй баримт олон байдаг. Та “охиныг минь танихын аргагүй болтол нь зодож, бэртээсэн” гэж анх хэвлэлд ярьсан. Харин шүүх эмнэлэг охиныг ямар нэгэн ил шархгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ тухайд?

– Охины минь амийг бүрэлгэсэн хэргийн явц их адармаатай байна. Хагас жил өнгөрч байхад шийдэгдэхгүй байна. Очсон байгууллага бүртээ ямар нэгэн “но” орж байгаа гэж би хардаж байна. Үүний шалтгаан нь хэргийг анх шалгасан Пүрэвдоржтой холбоотой гэж үзэж байгаа. Энэ хүн нь нөгөө талтай холбогдож авлига авсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Шүүх эмнэлгээс гэмтлийн хөнгөн зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Намайг охиныхоо зургийг харахад хамар хугарч, уруул сэтэрсэн зэрэг маш олон гэмтэл ажиглагдаж байсан. Мөн Шүүх эмнэлгээс архины цочмог хордлогоос болж охиныг минь нас барсан гэж дүгнэлт гарсан. Хэрэгтнүүдийг хүчингийн хэргээр зүйлчилсэн. Би тэднийг давхар хүн амины хэргээр зүйлчилж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан юм. Гэтэл давхар хүн амиар зүйлчлэх хууль байхгүй гэсэн хариултыг өгсөн. Одоо ч хүчингийн хэргээрээ зүйлчлэгдэж байна. Манай өмгөөлөгч нар хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Монголын шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэдэг эсэхийг харна даа.

– Анх хэргийг шалгасан Пүрэвдорж байцаагчийг ямар алдаа гаргасан гэж үзэж байгаагаа тодруулаач?

– Пүрэвдорж байцаагч нь анх хэргийн газрын бичлэгийг утсан дээрээ хийсэн байдаг. Тус бичлэгийг плаш юмуу дискэнд хуулан маш яаралтай хэргийн материалтай нэгтгэх ёстой байсан. Гэтэл мөрдөн байцаалтад хэрэглэх чухал материалыг утсан дээрээ хадгалж байгаад устгасан юм. Энэ мэт Пүрэвдорж байцаагчтай холбоотой 4, 5 алдаа гаргасан. Бид Пүрэвдорж байцаагчийг шалгаж өгөх хүсэлтийг тавьсан. Шалгаж байгаа гэсэн.

– Сэжигтнүүдийн нэг нь өмнө ял эдэлж байсан гэх мэдээлэл байсан?

– Жавхлангийн аав Даваа шоронд ял эдэлж байгаад нас барсан юм билээ. Мөн ээж Ундармаагийн эгч нь төрсөн эгчийгээ хутгалаад шоронд орж байсан гэсэн. Жавхлан нь өөрөө танхайн хэргээр 3,6 жил хоригдох ял авч байсан юм. Улмаар жил зургаан сар шоронд хоригдоод гарсан. Ах нарынх нь хувьд гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс байдаг гэнэ лээ.

– Хэргийг шалгаж байх явцад шинээр ноцтой баримтууд илэрсэн үү?

– Амарболд, Жавхлан нарыг эрэн сурвалжилж байх үеэр гэр бүлийнхнээс нь холбогдсон эсэхийг асуухад огт холбогдоогүй гэсэн хариултыг өгсөн. Гэтэл хэргийг шалгах явцад хэрэг болсон орой гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ байнгын утсаар холбогдож байсан нь илэрсэн. Бид хэрэг болсон орой охиноо эрж хайж байхдаа Амарболд, Жавхлангийн гэрийнхэнтэй утсаар холбогдож асуухад мэдэхгүй гэж хариулсан юм. Мөн маргааш нь хэргийн газар дээр Амарболд, Жавхлангийн гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллага очихоос өмнө орсон байсан нь камерт бичигдсэн байсан. Амарболдын ээж, дүү хоёр нь цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө хэрэг болсон өрөөнд, охины минь цогцос дээр орсон нь баримттайгаа байгаа. Тэд хэргийн эд мөрийн материалыг устгасан байх магадлалтай. Энэ тухай гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч өдийг болтол бидэнд хариу өгөөгүй. Энэ мэт үгсэн хуйвалдах, хэргийг замхруулах олон зүйл бий. Энэ бол санаатай аллага. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охинд минь яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах магадлал багахан байсан гэсэн. Хэрэв тухайн үед анхан шатны тусламж үзүүлсэн бол охин минь амьд байж болох байсан. Гэтэл хэн нь ч түргэн дуудаагүй юм.

– Нөгөө тал хэдэн өмгөөлөгч хөлсөлсөн бэ?

– Жавхлан нь Цэрэнпунцаг өмгөөлөгчийг 16 сая төгрөгөөр хөлсөлсөн. Амарболд нь Оюунцэцэг гэх өмгөөлөгчид урьдчилгаа хоёр сая төгрөг өгч хөлсөлсөн гэдэг. Би хоёр өмгөөлөгчид хандаж нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний охиныг унаа авах гээд автобусны буудал дээр зогсч байхад Амарболд, Жавхлан нар зочид буудал руу дагуулж орсон. Шөнөжингөө миний охиныг хүчирхийлж, эрэмдэглэж, аль мууг нь үзэж, тамлаж алсан байхад ямар нүүрээрээ энэ хэргийг өмгөөлж байна. Өөрсдөө үр хүүхэдтэй байх. Гэтэл Амарболд, Жавхлан нарыг хэрэг хийгээгүй юм шиг хөнгөн ял оноох гэж хөөцөлдөж байгаа өмгөөлөгч нарыг ойлгохгүй байна. Эсрэг талын өмгөөлөгч нарыг хүн чанаргүй, мөнгөний төлөө хөөцөлдсөн хүмүүс гэж ойлгож харж байна.

ХЭРЭГ ГАРСАН ЗОЧИД БУУДАЛ УИХ-ЫНГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИРЫНХ

– “Очир төв” зочид буудал үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юу?

– Ажиллаж байгаа. Тус зочид буудал нь манай гэр рүү харих замд байдаг. Орой болгон гэр лүүгээ харьж явахад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь харагддаг. Гэрэл нь асаалттай, баар, паб нь ажиллаж, хүмүүсийг оруулж л байдаг. Яагаад өдийг хүртэл хариуцсан байгууллагаас нь арга хэмжээ авч хаалгахгүй байгааг ойлгохгүй байна. Тухайн үед цагдаа тус буудлыг 200-300 мянган төгрөгөөр л торгоод өнгөрсөн. Хэрэг болсон буудал нь УИХ-ын гишүүн Дамба-Очирын буудал юм. Дамба-Очир гишүүн энэ долоо хоногтоо надтай уулзана гэсэн.

– Иргэдээс танай гэр бүлд зориулж хандивын аян өрнүүлсэн гэсэн?

– Бидэнд учир зовлон бэршээлээс хуваалцсан хандив, дэмжлэг үзүүлсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ойролцоогоор нэг сая 800 мянган төгрөг иргэдээс хандивласан. өн төрийн болон төрийн бус олон байгууллага сэтгэл санаагаар дэмжиж тусалж байна. Хэрэг хөөцөлдөх, оршуулгын зардал гээд 20-иад сая төгрөг зарцуулагдсан.

– Гэр бүлийн тань байдал ямархуу байна?

– Би охиноо өнгөрснөөс хойш гэртээ харихад эвгүй байх болсон. Тиймээс аавындаа амьдарч байна. Өмнө нь манай гэр бүл элэг бүтэн, хангалуун сайхан амьдарч байсан. Би үлдсэн ганц хүүдээ илүү сайн анхаарал тавьж, хөдөлмөрлөх болно. Надад ийм байхад ханьд минь бүр хэцүү байгаа нь ойлгомжтой.

ЦЕГ: ХЭРГИЙГ ШАЛГАСАН МӨРДӨН БАЙЦААГЧААС БАЙЦААЛТ АВСАН

Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа.

– 13 настай охин буудалд амиа алдсан хэргийг шалгах явц хэрхэн өрнөж байна?

– Хэрэг нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, одоогоор шүүхийн шатанд шилжсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.

– Талийгаач охины ар гэрийнхнээс нь анх хэргийг шалгаж байсан байцаагч Пүрэвдоржийн тухай хэргийг будлиантуулсан гэх гомдлыг гаргасан гэсэн. Шалгаж байгаа юу?

– Энэ талаар Пүрэвдоржоос өөрөөс нь тодруулсан. “Намайг ЦЕГ-ын Аудитын газраас дуудаж шалгасан. Гурав хоногийн өмнө дуудаж уулзсан” гэж байсан.

УУЛЗАХ ГЭЖ ОЧООД ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ХӨӨГДСӨН

н.Ундармаа: Гэрийнх нь гадаа очоод хөөгдсөн хүн ахиж очих уу?

Хэрэгт холбогдсон Д.Жавхлангийн ээж н.Ундармаатай холбогдон бид зарим нэг зүйлийн талаар тодруулсан юм.

– Талийгаач охины ар гэрийнхэнтэй өдийг хүртэл танай талаас ямар нэгэн байдлаар холбогдоогүй гэсэн?

– Гэрийнх нь гадаа очоод хөөгдөөд явсан хүн ахиж очих уу. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллүүд цацагдаад байгаа. Энэ талаар би өмгөөлөгчтэйгөө хамтран зарга хийж, мэдэгдэл хийнэ. Энэ талаар яримааргүй байна.

Өнөөдөр хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээр болж байгаа юм. Энэ хэргийн тухай мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэнэ.

Эх сурвалж: www.zindaa.mn Б.Янжиндулам

 

error: Content is protected !!