Хотын шинэ даргатай болж, цалин, тэтгэвэр нэмэгдсэн долоо хоног

Б. Хажидсүрэн 2019-01-19 22:23 110

Нийслэлчүүд хотын шинэ даргатай боллоо

Энэ долоо хоногийн чухал үйл явдлын нэг нь нийслэлчүүд хотын шинэ даргатай болсон явдал байлаа. Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдлоо.

Санал хураалтад нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцож, 24 төлөөлөгчийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон билээ. Гэвч өнөөдрийг хүртэл С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс Ерөнхий сайд уг тогтоолыг хүлээж аваагүй байгаа тул ямар нэгэн шийдвэр гаргаагүй боломжгүй байгаа аж. НИТХ-ээс Ерөнхий сайдад тогтоолоо өгөх хугацаа нь ажлын гурав хоног байдаг гэнэ. Тэгэхээр Хотын даргаар С.Мөнхчулууныг томилох тогтоолыг өгөх хуулийн хугацаа энэ сарын 21-нд буюу ирэх даваа гаригт дуусах юм байна.

Дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч, аав ээжүүдэд цалинтай чөлөө өгнө

Энэ долоо хоногт ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй хойшлоод байсан чуулганы ирц бүрэлдэж хуралдаж, олон асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газрын хуралдааны хэлэлцэж шийдсэн асуудал нь цалин тэтгэврийн нэмэгдэл байв. Энэ удаагийн цалингийн нэмэгдлийн гол ачаалал боловсрол, эрүүл мэндийн салбарт ногдож байна. Тодруулбал, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг тусад нь 4.3 хувиар нэмж, өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 12.3 хувиар нэмэгдлээ. Ерөнхийдөө багш ,эмч нарын цалин энэ сарын 1-нээс 20 хувиар нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин 2019 онд 916 мянган төгрөг болж байгаа ажээ.

-Харин бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж,310 мянган төгрөг болгож байгаа бол халамжийн тэтгэврийн доод хэмжээ 170 мянган төгрөгийг давж байна.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргажээ. Томуу, томуу төст өвчлөл их байгаа энэ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Энэ журмыг энэ гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.8 хувийн саналаар батлагдлаа. Ингэснээр гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай болж байгаа юм. Энэхүү хуулийн өөрчлөлт энэ сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Түүний дараа УИХ-ын даргыг огцруулах санал гаргаад буй гишүүд тогтоолын төслөө өргөн барьж хэлэлцүүлэх юм.

Томуу томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 10.6 хувийг эзэлж байна

Нэгдүгээр сарын 14-ны байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10,6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар их, томуугийн А дэд хэвшинжийн (H1N1), (H3N2) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар их байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2,5 хувиар их байна. Түүнчлэн дэлхий дахины мэдээгээр АНУ, БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэн A(H1N1) вирус давамгайлан дэгдэлт хэлбэрээр гарч байна.

Орон нутагт гахайн мялзан өвчин тархаж байна

Булган, Төв, Орхон зэрэг аймгуудад гахайн мялзан өвчин хурдацтай тархаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Мөн нийслэлийн зарим дүүргээс ирүүлсэн дээжинд хийсэн шинжилгээгээр гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн дээжинд гахайн амталсан мах болон хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн байна.

Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг аж. Иймд гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

error: Content is protected !!