А.Эрдэнэ-Очир: Таксинд минь суусан хүмүүс Баярлалаа гээд инээмсэглэн

Б. Хажидсүрэн 2019-01-18 19:35 94

А.Эрдэнэ-Очир: Таксинд минь суусан хүмүүс БАЯРЛАЛАА гээд инээмсэглэн буухыг харах хамгийн том АЗ ЖАРГАЛ

Ажилдаа чин сэтгэлээсээ хандан, өөрт болон бусдад гүн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол ажлынхаа хажуугаар такси үйлчилгээ эрхэлдэг А.Эрдэнэ-Очир юм. Таксиндаа суусан хүмүүсийг чадлынхаа хэрээр тав тухтай зорчуулахыг хичээж, тавагтай чихэр, сэтгүүл, шүлэг гэх мэт зүйлсийг үйлчлүүлэгчиддээ зориулан бэлдэж, үйлчлүүлэгчдээсээ өдөр бүр БАЯРЛАЛАА гэдэг үгийг сонсон, түүнээсээ эрч хүч энерги авч явдаг түүнтэй ярилцаж таксинд нь суух боломж олдсон юм.

Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нь яг л уулзахаар товлосон цагтаа, ирснээс илхэн харагдаж байв. Хотын төвд уулзсан бид машины зогсоол хайж Тусгаар тогтнолын ордныг гурван ч удаа тойрсны эцэст ганц зогсоол олов.

Нийслэлийн өнгө төрхийг эерүүлэх олон сайхан хүмүүс биднийг тойрон хүрээлж байдгийн тод жишээ болсон А.Эрдэнэ-Очир гэх энэ эгэл хүмүүний ертөнцөөр аялсан хэдхэн минутын яриа амттай хийгээд өгөөжтэй байсныг нуух юун.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Эрдэнэ-Очир гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ чиглэлээр хувиараа юм хийдэг. Таксинд бол ажлынхаа хажуугаар л явдаг.

-Хэзээнээс таксинд явж эхэлсэн бэ?

-Удаагүй ээ. 3-4 сар л болж байна.

-Анх яагаад таксийгаа ингэж тохижуулъя гэж бодов?

-Би зүгээр л хүнд үйлчилж байгаа унаагаа цэвэрхэн тохитой байлгахыг хичээдэг хүн. Бусдаар бол миний машинд бусад машинаас илүү гараад байх юм байхгүй. Тавагтай чихэр, сэтгүүл, тохь тухтай, дулаахан орчин л байна даа. Энэ бүхэн маань ямар ч хүний бухимдал, уур уцаарыг хормын дотор л үргээдэг. Үүнээс л би хамгийн их кайф, амар амгаланг мэдэрдэг.

-Та км-ыг нь хэдээр явж байгаа вэ?

-Би бусад таксинуудтай адилхан 1000 төгрөгөөр л явж байгаа. Тэгээд км-ээ харж байгаад яг авах ёстой мөнгөө л авсан. Хүмүүс очих газраа оччихоод мөнгөн дүнг нь хэлэхээр их гайхдаг. Тэгээд л нүүрэнд нь инээмсэглэл тодроод “Бусад таксинууд тэдийг авдаг шүү дээ. Танд баярлалаа” гээд л буудаг. Тэгэхээр бусад таксинууд илүү мөнгө нэхдэг юм шиг байгаа юм. Бас таксинд 100, 200 гэсэн ойлголт байдаггүй юм шиг 1.1 км гарсан газар 1100 төгрөг авах ёстой байтал шууд 1500 гээд авчихдаг. Хүмүүс ч тэгж өгөөд сурчихсан. Тэгээд намайг 2100, 2300 гарлаа гээд 200, 300 төгрөг хариулаад өгөхөөр гайхаад байдаг юм. Миний хувьд адилхан л амьдрах гэж яваа хүмүүсээс илүү мөнгө авчих юм сан гэж нэг ч удаа бодож байгаагүй. Тэр ч утгаараа өглөө болгон банк орж 10 мянган төгрөгийг 100 төгрөгөөр задлуулдаг.

-Таны машины арын суудалд суугаад л хамгийн түрүүнд Амьддаа бие биеэ хайрла шүлэг нүдэнд тусч байна. Таны дуртай шүлэг үү?

-Тийм ээ. Маш гоё шүлэг шүү дээ. Унших бүр ухаарал хайрладаг их ид шидтэй шүлэг байгаа юм. Гэтэл одооны зарим залуучууд мэддэг ч үгүй юм билээ. Тиймээс хүн болгон мэддэг, уншдаг байгаасай гэсэндээ машиндаа байрлуулсан. Уг нь өөр нэг шүлэг байсныг үйлчлүүлсэн хүмүүсийн маань нэг нь аваад буучихсан байна лээ. Манайхны зарим нь их сонин. Унш гээд сэтгүүл тавихаар асуух ч үгүй шууд л аваад буучихдаг. Анх арын суудал дээрээ 10-аад сэтгүүл тавьсан одоо тав нь л үлдсэн. Дахиад шинэ дугаарууд аваад нэмж тавина даа.

 

ЦААШ ҮЗЭХ http://www.zaluu.com/read/2ga7f2a2c

error: Content is protected !!