Чуулган: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж эхэллээ

Б. Хажидсүрэн 2019-01-17 11:50 90

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн хэлэлцэх асуудлын талаар гаргасан горимын саналд УИХ-ын дарга М.Энхболд тайлбар өглөө. Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан саналд “ҮАБЗ-ийн асуудлаар Ерөнхийлөгч саналаа оруулаад ирвэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад хаалттай мэдээлэл сонсоно” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, М.Билэгт нарын гаргасан саналд “Нэгэнт хэлэлцэх жагсаалд оруулаад ирсэн чуулганаар хэлэлцэнэ. Харин хэлэлцэх байхад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хойшлуулах санал гаргаж, санал хурааж болно” гэсэн хариулт өглөө.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулж, 74.5 хувь нь зөвшөөрсөн тул ийнхүү уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.

2019.01.17 10 цаг 40 минут

Чуулганаар утааны асуудал хэлэлцүүлэх санал гаргалаа

Чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн талаар хаалттай мэдээлэл хийнэ гэж байсан. ҮАБЗ гэдэг чинь маш чухал зүйл. Тиймээс энэ асуудлыг оруулж ирж хэлэлцэхгүй юм уу. Мөн утааны асуудлыг хэлэлцмээр байна. Ерөнхий сайд Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл нь юу болж байгааг мэдмээр байна. Эмнэлгүүд ачааллаа даахгүй. Хүүхдүүд маш их өвдөж хавдаж байна. Эмнэлгийнхэн болгоомжилж байна. Иймэрхүү асуудлаа яримаар байна. Өчнөөн өдөр албан тушаалын асуудал ярилаа. Одоо иймэрхүү асуудлаа дараалалд оруулаад хэлэлцэх санал гаргаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулж өгөөч. Засгийн газар дахиж хэлэлцэх асуудал байна” гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Өнөөдөр хэлэлцэх гээд байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар бүр буцааж татмаар байна” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

error: Content is protected !!