ДЭЛХИЙН ХАМГИЙН УХААНТАЙ 10 ЭМЭГТЭЙ

Б. Хажидсүрэн 2018-11-20 21:16 538

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эмэгтэйчүүдийг танилцуулья. Эмэгтэй хүн урт үстэй, ухаан богинотой гэсэн доромж үг түүх болон үлджээ. Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

10. Оливия Мэннинг (IQ 162)

12 настай байхад ямар ч хүүхэд гэрийн даалгавар хийх биш гадаа найзуудтайгаа тоглохыг илүүд үздэг. Харин Оливия Мэннинг энэ насандаа “Mensa IQ Supervised” шалгалт өгөөд 160 оноо авч байлаа. Стивен Хокинг ч IQ тестэд 160 оноо авч байсан гэдэг. Тэр бол дэлхийн хамгийн ухаантай охидын нэг.

9. Фабиола Манн (IQ 162)

Гоад төрсөн, Англид амьдардаг энэ бүсгүй 21 настай. “Mensa IQ Supervised” тестэд 162 оноо авсан. Түүний хувийн амьдралын талаар мэдээлэл хомс. Шатар, гитар тоглох дуртай, каратэ оролдож байсан, эмч болох мөрөөдөлтэй.

8. Юдит Полгар (IQ 170)

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг эмэгтэй шатарчин. 15 настайдаа гроссмейстер цол хүртэж, Роберт Фишерийн рекорд амжилтыг эвдэж байв. Эмэгтэйчүүд дунд өрсөлдөгч байхгүй байсан тул эрчүүдтэй үзэлцдэг байлаа. Вишванатан Ананд, Алексей Широв, Гарри Каспаров нартай тоглож байсан. Албан ёсны биш ч маш хүндтэй цол болох супер гроссмейстер хэргэмт цорын ганц шатарчин.
7. Рут Лоуренс (IQ 175)

Их Британийн математикч, тооны ухааны профессор. Хар багаасаа л вундеркинд хэмээн дуудуулж ирсэн хүн. 10 настайдаа Оксфордын элсэлтийн шалгалтыг хөнгөн өгчихөөд хамгийн залуу төгсөгч нь болсон гэж байгаа.

6. Грейс Хоппер (IQ 175)

Америкийн эрдэмтэн. Грейс компьютерийн программын хэл зохион бүтээх ажилд маш их амжилт гаргасан. 34 настайдаа АНУ-ын Тэнгисийн флотод ажилд орж, Mark I, Mark II, UNIVAC I-ийг бүтээх ажилд гар бие оролцсон. Дэлхийн 40 гаруй их сургуулийн хүндэт доктор. Тэр 1992 онд 85 настайдаа нас барсан.

5. Анна-Луиза Жермена де Сталь (IQ 180-185)

Францын Санхүүгийн сайд Жак Неккерийн гэрт 1766 онд мэндэлжээ. Зохиолч, утга зохиол судлаач, улстөрийн зүтгэлтэн гэдгээрээ алдартай. Түүний бичсэн “Германы тухай” ном XIX зууны францчуудын ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн юм. Наполеон Бонапартын гол шүүмжлэгч нь байсан тул улс орноосоо хол цөлөгдөж байв. Үнэхээр хэр зэрэг ухаантай хүн байсныг нь тогтоох аргагүй ч эрдэмтэд IQ-г нь 180-185 байсан гэж тооцдог.

4. Мария Кюри (IQ 185)

Дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн ухаалаг эмэгтэйчүүдийн тод төлөөлөгч бол Мария Кюри. Нөхрийн хамт полони, радиг нээсэн эрдэмтэн. 1903 онд физик, 1911 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн.

3. Гипатия Александр (IQ 190)

Гипатия Египет, Эртний Ромын гүн ухаантан, астроном, математикч хүн байлаа. Түүнийг маш олон шинжлэх ухааны нээлт хийсэн гэж ярьдаг. Эрдэмтэн судлаачид түүний IQ-г 190 байсан гэж үзсэн.

2. Мэрилин вос Савант (IQ 190)

Америкийн сэтгүүлч, зохиолч энэ эмэгтэйн нэр Гиннесийн номонд хамгийн өндөр IQ-тэй эмэгтэй гэж бүртгэгдсэн байгаа. Parade сэтгүүлд “Мэрилингээс асуу” гэсэн булан хөтөлдөг бөгөөд ямар ч асуулт, даалгавар ирсэн хариулж чаддагаараа алдартай.

1. Эдит Штерн (IQ 200)

Эдитийг багад нь аав Аарон Штерн нь “ямар ч өөгүй хүн” гэж нэрлэдэг байв. Тэр 12 настайдаа Мичиган их сургуулийн дэргэдэх коллежид элсэж, 15 настайдаа оюутнуудад тригонометр зааж байлаа. АНУ-д Эдит шинэ бүтээлийн 128 патент эрх эзэмшдэг. IQ тест олон удаа өгч байсан бөгөөд дунджаар 200 оноо авч байсан юм. Гэхдээ түүний бага нас аз жаргалтай байсангүй. Аав нь охиноо ухаалаг болгон хүмүүжүүлэхийн тулд жирийн хүүхдүүдтэй тоглуулдаггүй байлаа. Чөлөөт цагаар нь ном уншуулж, уншсан номных нь талаар ярилцдаг байжээ. Одоо тэр 66 настай байх ёстой. Хаана, юу хийж байгааг нь мэдэх хүн байхгүй.
Эдит Штерн

error: Content is protected !!