П.Бадарч: Ижий үгүй намар

Б. Хажидсүрэн 2018-11-19 13:10 539

Ахиад л намар боллоо
Алтарсан навч хөглөрнө
Ангир галуу хөглөрнө
Адуу мал хөглөрнө
Айлын нүүдэл хөглөрнө
Алтан юм тэнгэрт ниснэ
Ангир уу, навч уу
Аль нь юм бэ дээ
Алтан юм газарт хийснэ
Ангир нь уу, навч нь уу
Аль нь ч юм бэ дээ
Ойн захад
Огтлуулсан модны
Хожуул торойно
Ойн захад
Огтлуулсан өвсний
Талбай харагдана
Олон юм байхгүй болж байх ч шиг
Оргүй юмыг санаашрах ч шиг
Орчлонгийн улирлаас
Намар иймсэн билүү
Одоо л би анзаарч байна уу
Эмээлтэй морь минь ч
Гунигтай л харагдана
Ирэх естой бүхэн
Ирдгээ ирчихээд
Хаашаа ч юм цөмөөрөө
Явах л бололтой
Хагацая, хагацая гэх шиг
Цайдам тал дүүрэн
Царцаа цацарна
Ямархан ийм намраар
Явах болдоо би
Янаг хайртай хүүгээсээ
Хагацах болдоо би
Уйтгаруун сэтгэлийн гүнд
Урьдын дуртгал хөвөлзөнө
Урсгал үгүй тогтоол усанд
Уул уруудан унаж
Үүл үйсэн үзэгдэнэ
Ээжгүй болсон анхны намар
Элих шувуу ч цуцалтай харагдана
Эгшиг дуу ч гацалтай бодогдоно
Энэхэн бие ч элихэн л явна
Бугын үнэртэй хангайгаас
Будар будархан салхи үймнэ
Буурал хүн ижийгүй болох естой шиг
Бусад хүн намайг үл анзаарна
Намрын цэнхэр цэцэг
Наашаа хараад толгой сэгсэрнэ
Настай хүн ээжгүй болох естой шиг
Намайг хүмүүс тоохгүй зөрнө
Ухаант сайхан түмэн минь ээ
Уруу буруу та нарт байхгүй ээ
Уудам уудам л гэнэ орчлон
Уйлах газар олдохгүй юмаа
Ахих тусмаа хүн тэгээд ч
Дотроо л уйлах болдог ажээ
Алтан дэлхийн намар ч
Дотроосоо ганддаг бололтой
Холоос барааг минь харан
Хормойлсон аргалаа асган
Хоер гараа дэлгэн тосон
Хонгор ээж минь угтдагсан
Энгэр шандын ус
Худагтаа бий ч
Эмгэн буурал эх минь
Гэртээ байхгүй ээ
Цавчир булгийн ус
Говилдоо бий ч
Цал буурал эх минь
Гэртээ байхгүй ээ
Намуун хонгор ээждээ
Намраар нэг очдогсондоо
Надад одоо ижий байхгүй
Хэндээ ч би очно
Намрын хонгор салхи
Наашаа цаашаа үлээнэ
Насны хонгор салхи ч
Намайг бас гандаана

1988

error: Content is protected !!