Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж

Б. Хажидсүрэн 2018-10-30 12:20 1126

Баянзүрх дүүргийн XXI хороо. Сэлбэгийн 47 дугаар гудамж. Харзалж урссан голын хөвөөнд тахиралдуулж барьсан банзан хашааны завсраар сүүтийн үзэгдэх ганц бор гэрийн өрх намрын жихүүн салхинд дэрвэнэ. Лавшруулан эргэн тойрныг ажвал эл хуль, голын урсгал л хараахан хөлдөөгүйгээ зарлах мэт урсах нь сонсогдоно. Голоос холгүйхэн энэ хашаа бол угтаа христийн сүмийнх. Гэвч бидний зорьж ирсэн бүсгүй хөлдөж амжаагүй намаг дээрх энэ сүмийн хашааны баруун буланд аж төрдөг өө.

Түүнийг Ш.Нарангэрэл гэдэг. Залуу бүсгүй жил дараалан гаргасан бага насны зургаан хүүхэдтэй алдарт эх. Нар гэрэлтэж салхи сийгсэн дөрвөн ханатай умгар гэрт 35-тай залуухан ээж зургаан хүүхдээ бөөцийлж бор ходоодыг нь борлуулж, даарцгаахгүй л байвал өлсөх яах вэ, ээж нь болгоно гэсэн итгэл өвөрлөн хавраас зун, зунаас намартай золгожээ.

Хүний амьдрал гэдэг хатуудаа хад чулуунаас ч хатуу мөртлөө зөөлөн дулаандаа сүүний бяслагаас ч зөөлөн байх юм аа. Хань ижилтэйгээ танилцаж, халуу дүүгтэл гар гараасаа атгалцаж, нүд нүдээ харан дурлалцаж байсан арван жилийн өмнөх гэгээн түүхээ үе үе бодон өөртөө хүч нэмж үрэгдсэнээс үлдсэн зургаан зулзагынхаа хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэвэл миний залуу нас яах вэ хэмээн бардамнах түүний эр зориг гайхалтай.

2008 онд танилцаж бие биеэ танин ханьсаж, 2009 онд нэг гэртээ орцгоож байсан нөхөр нь яг арван жилийн дараа буюу өнгөрсөн хаврын уйт өдрийг үүрд сэтгэлд нь зураг болгон үлдээж, тэнгэрийн орныг зорьжээ. Ингэхдээ түүнийг ганцааранг нь үлдээсэнгүй. Ээжийнхээ хэвлийд хүн болохоор бүрэлдэж буй зургаан сартай охиндоо нэр хайрлаж чадалгүй хүний хорвоогоос буцав. Зургаахан cap хүрч тэнтэр тунтархан болж буй бяцхан хүү, зургаа, найм, есөн настай охидоо аав нь ээжид нь үлдээгээд буцжээ.

Аав эзгүй зургаан сарын хугацаанд ээжийнхээ хэвлийд үлдсэн охин мэндэлж гурван сартай нярай манцуйндаа өсөж байгаа бол тэнтэр тунтар мөлхсөн бяцхан хүү ой 2 сартай гүйж байна. Зургаа, найм, есөн настай охид нь эрдэм номд шамдаад ээжийн гарын үзүүрт тусалж, амьдралын ачаанаас нь үүрэлцэж байгааг дээд тэнгэрээс аав нь харж буй биз.

Биднийг очиход Ш.Нарангэрэл бүсгүй эзгүй байв. Гадаа цасаар шуурч арван сарын тэнгэр ёозгүй мэлтийнэ. Цоожгүй хаалга татан орвол гэрийн хаяагаар салхи нэвт шуурч галгүй гэрт хөлөөр нэг хувцас, тогоо, шанага, аяга, халбага хөглөрнө. Гэрийн зүүн талын орон дээр гурван хүүхдийн толгой шоволзож давхарлаж хучсан хир даг болсон хөнжил доор бондгонож хүний сургаар нүүрээ нуун шургална.

“Ээж нь хаашаа явсан бэ, хэзээ ирэх вэ, утасны дугаарыг нь мэдэх үү” хэмээн лавлаж асуусан асуултад нөгөө хоёрыгоо бодвол арай эгчмэд нь гэмээр охин цовоо дуугаар “Ээж дүүг сургуульд нь өгөх гээд явсан. Одоо ирж байгаа” гэв. Аравхан минут зогсоход л хөл даарч, бие жихүүцэж байсан тул Ш.Нарангэрэл бүсгүйг иртэл галыг нь түлж гэрийг нь дулаацуулъя хэмээн шийдэв. Зууханд дүүрэн мод хийж асаахад бэлэн болгоод явжээ. Чүдэнз эрсээр нэг юм олоод гал асаав. Жижигхэн умгар гэр яах ийхийн зуургүй дулаацаж байхтай зэрэгцэн гаднаас гэрийн эзэн бүсгүй орж ирэв. Нуруундаа гурван сартай бяцхан охиноо үүрчээ.

Хүйтэн шуурганд охин нь даарч бээрээгүй эсэх, хэр хол яваад ирснийг лавлавал, “Өглөө болгон хоёр эгчийг нь сургуульд нь хүргэж өгөхийн тулд бид хоёр ингээд л гүйчихдэг юм. Заримдаа ой хоёр сартай ахыг нь урдаа тэврээд гурван сартай охиноо нуруундаа баглачихдаг юм. Тэгээд хоёр гараасаа эгч нарыг нь сайн гэгч нь хөтлөөд бид долоо сургууль руугаа явдаг юм. Эндхийнхэн биднийг андахгүй. Багш нар ч мэднэ.

Охидынхоо хичээлийг таслуулахгүйн тулд үүнээс өөр арга байхгүй. Гадаа хүйтэн гээд хүргэж өгөхгүй байж чаддаггүй. Өнгөрсөн өдрүүдэд ч яах вэ, цаг агаар таатай, дулаахан байсан. Одоо ингээд юу юугүй хүйтэрлээ. Цас орох нь. Ийм л үед хүнд байдаг юм. Манай гэрээс сургууль хүрэх зам нэлээд зайтай. Хол байх нь чухал биш. Цас, бороо орсон үед намаг нь хэцүү. Шавар, ус нь дийлдэхгүй болдог юм. Удахгүй газар хөлдөх биз” хэмээн ярив.

ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ХҮҮХДИЙН МӨНГӨ
“Өлсөөд байна, ээж ээ. Идэх юм байгаа юм уу. Юу идэх юм бэ” хэмээн ээжийгээ хормойдох нэг ой хоёр сартай хүүгээ аргадан “Ээж нь одоохон. Тэр тогоотой цувдайг чанаадахъя. Миний хүү хөлдөө гутлаа өмс. Үгүй бол хэвтэж бай” хэмээн хүүгээ аргадан хөнжлөөр биеийг нь хулдах Ш.Нарангэрэлээс “Танай сарын орлого хэд вэ. Хорооноос өгдөг халамж бий юу” гэвэл жаахан бодол болсноо ийн ярилаа. “Хүүхдийн мөнгөөр амь зууж байна. Саяхнаас цалинтай ээжийн 50 мянган төгрөг авдаг болсон. Хорооноос сард нэг удаа 62 мянган төгрөгийн хүнсний тасалбар өгдөг. Уг нь нүүрс, гэр гээд өгдөг л юм шиг байсан. Гэхдээ өндөр настай, асаргаатай хүмүүст нүүрс олгодог гэсэн.

Гэргүй айлд л ганц нэг гэр өгдөг юм шиг байсан. Манайхыг гэртэй гээд гэр өгдөггүй байх, хөөцөлдөж байгаагүй. Олон нялх хүүхэдтэй болохоор хүүхдийн мөнгө минь хүрэлцэхгүй байх ч үе бий. Гэхдээ л хоосон сууснаас дээр байдаг юм. Хүүхдүүдийнхээ мөнгийг авахаар л аятайхан хоол хийж охидынхоо хүслийг биелүүлдэг. Бусад үед дэлгүүрээс жижиглэж бэлдсэн цувдай авч чанаж өгдөг. Ингэлээ гээд гутарч байсангүй. Үр хүүхдээ харж сэтгэлээ дүүргэдэг.

Намайг хүмүүс архи уудаг, хүүхдүүдээ зоддог, анхаарал халамж үзүүлдэггүй байх вий гэсэн байдлаар их сонждог. Гэтэл би архи уудаггүй. Амсаж ч чаддаггүй. Хүүхдүүддээ маш их хайртай. Эднийгээ чангахан загнаж ч чаддаггүй. Хүүхэд өөрийн дураар өсөх ёстой гэж боддог. Яагаад гэвэл миний хүүхэд нас таагүй дурсамж дунд өнгөрсөн болохоор үр хүүхдүүддээ тийм зовлон үзүүлмээргүй байдаг юм. Намайг ядуу, зутруухнаар минь хардаг хүмүүс их бий” хэмээн санаа алдав.

Үнэхээр ч түүний хүүхдүүд идэх хоол, өмсөх хувцсаар маруухан ч баяр хөөр дүүрэн байв. Гал цогтой нүдээр инээд алдан тоглож жижигхэн гэртээ муур тэжээн эвийлэн хайрлах тэднийг хараад өрөвдөх, баярлах зэрэгцэв. Хүүхэд өлсөх, даарах яах вэ, гэр бүлийн халуун дулаан харилцаа, ээжийн бүтэн хайр энэ зургаан хүүхдийг гийгүүлэх шиг. Ийн бодож тайвшрахтай зэрэгцэн гэрийн хоймор орчимд навсархай хулдаас доороос бамбалзах ус шүүрсэн газрын хөрс сэтгэл зовооно. Бяцхан хүү хөл нүцгэн дээр нь гүйж даарах, бээрэхийг ажрахгүй зогсох нь сэтгэл сэмлэнэ.

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ “НИЙГЭМШҮҮЛЬЕ”
“Алдарт эх”-ийн I, II одонтой ээжийн ийн ядрахыг харах гунигтай байна. Хайран залуу насаа Монгол Улсын хүн амыг олон болгох үйлсэд зориулж зургаан хүүхдээ урдаа нэг хойноо нэг зүүж өндийлгөж яваа залуу бүсгүй танд мэхийе. Халгамаар, шантармаар хатуу нийгмийн өмнө өлсөж ядрах яах вэ, хүүхдүүдээ эрдэм мэдлэгтэй болгоё, хичээлийг нь таслуулахгүй байя. Бие биенээс нь салгахгүй, элэг бүтэн өсгөе хэмээн хатуу бэрхтэй тэрсэлж яваа хайлган залуу ээж танаар бахархъя.

Саяхан цахим орчноос “Монгол Улсын хүн амын өсөлт хэт удаашралтай байгаад ипотекийн зээл буруутай” гэсэн иргэний сэтгэгдлийг уншиж байсан сан. Яг үүнтэй агаар наг буруутанг ол гэвэл хорооны нийгмийн ажилтнуудыг нэрлэмээр байна. Харьяа хороо, хэсэгт нь хэчнээн айл хэрхэн аж төрж байгааг, хэдэн хүүхэд хүчирхийллийн гол бай болж, хэд нь ор сураггүй алга болж, хэд нь аав, ээжийн хараа хяналтгүй нөхцөлд байгааг анхаардаггүй, олж тодруулдаггүй, амьдрах орчны аюулгүй байдалд анхаардаггүй, мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй мэт нүд нь балай чих нь дүлий суудаг хүмүүс хорооны нийгмийн ажилтнууд байна. Тэдний ажлынх нь унтаа арга барилыг халъя.

Хорооны нийгмийн ажилтнуудыг толгой өндийх завгүй болтол нь цаасаар дарж өрөөнөөс нь цухуйлгадаггүй Засаг дарга нар ч мөн буруутан. Би албан тушаалтайгаа золгосон бол, би төрийн суудалд хүрсэн бол зол хэмээн сонгогдсон тойрог, дүүргээ эргэдэггүй хүйтэн сэтгэлтэй, сэтэртнүүд ч буруутан. Монголын үрс маш олон болтугай хэмээн найр наадам дээр ерөөчхөөд начир дээрээ алдарт ээжүүдийг амьдралын бэрхтэй нь хаячихсан сохор төрийн нүдийг яаж нээлтэй.

…Би таксинд явдаг жирийн л нэг ээж. Хүйтэн шуурганд хүүхдүүдээ үүрчихсэн, шуудай дүүрэн юм үүрсэн залуухан бүсгүйг хараад өрөвдсөн. Бүсгүй такси барихаар гараа өргөж зам дагуу нэлээд удаан зогссон ч хэн ч түүнийг суулгаагүй. Ингээд эх хүний хувьд олон жаахан хүүхдүүд даарч бээрэхийг харж чадаагүй. Машиндаа суулгаад, гэрт нь хүргэсэн. Намаг, шавар дунд явсаар хашаанд нь тулсан. Энэхэн зуурт залуухан бүсгүйн амьдралын зах зухаас сонссон. Үнэхээр сэтгэл өвдсөн. Гэрт нь хүүхдүүдийг нь оруулж өгөх далимдаа ямар нөхцөлд аж төрж байгааг нь хараад цочирдсон. Зургаан нялх хүүхэд яаж усан дээр амьдарч болох юм бэ.

Ингээд өөрийн цахим орчинд тусламжийн аян өрнүүлэхийг уриалсан. Олон хүн хандаж байна. Дэм дэмэндээ гэж үг бий. Нүүрс, мод, хоол, хүнс өгье гэж байгаа хүмүүс хандаж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ гэрийг нь хуурай газарт барьсны дараа нүүрс, түлээ өгөх хүмүүсийн тусыг авсан нь дээр болов уу. Монголын төр энгэртээ одонгоо зүүсэн ээжүүдийгээ хөсөр хаяж байгаа бол өөд нь татаад босгоё гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн бас бий…

Энэ бол Ш.Нарангэрэлийг анх олж түүнд тусалсан хамгийн анхны сайхан сэтгэлт ээж А.Гантунгалагийн хэлсэн үг. Тийм дээ. Түүний хэлсэнчлэн хүн нь хүнийхээ дэмээр юм даа. Бид Ш.Нарангэрэл гэх залуухан ээжид хаяглагдах тусламж, олны дэмжлэг, сайхан сэтгэлийн үйлийг сониноороо дамжуулан уншигч танд эргэн мэдээлж байх болно.

error: Content is protected !!