М.Бундмаа: Хонг Конг амьдрахад сайхан ч Монголыг минь яаж гүйцэх билээ

Б. Хажидсүрэн 2018-10-23 14:08 406

Цагтаа цалгиж, эмэгтэйчүүдийн хөнгөн жинд эх орныхоо нэрийг цуурайтуулж явсан жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаатай ярилцлаа. Дэлхийн медалийг гуйж биш гуядаж авсан түүнд олимпын медаль л дутуу байсан.

Гэвч цаг хугацааны эрхэнд татамигаа орхисон тэрбээр дасгалжуулагчийн албанд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ Монголын биш. Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тус улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн билээ. Түүний ярилцлагыг хүргэе.

-Хэдхэн хоногийн өмнө нутагт тань таны нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээний сонин сайхнаас хуваалцаач. Хэд дэх удаагаа болов?

-Юун түрүүнд танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний нэрэмжит тэмцээнийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд анх удаа зохион байгуулсан нь энэ. Миний найз Өвөрхангай аймгийн жүдо бөхийн багш Б.Очир энэ тэмцээний санаачилгыг гаргаж, Монголын жүдо бөхийн холбоо дэмжсэнээр нэрэмжит тэмцээнээ зохион байгууллаа.

Энэ дашрамд, нэрэмжит тэмцээнийг минь зохион байгуулахад тусалсан найз нөхөд, ах, дүү, хамаатан садан, Монголын жүдо бөхийн холбоо, онцгойлон Б.Очир найздаа чин сэтгэлээсээ баярласнаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Тэмцээн маш амжилттай болж өндөрлөсөн. Би анх жүдо бөхөөр хичээллэж эхлэхдээ буюу багадаа нэрэмжит тэмцээнд их оролцдог байлаа. Тэндээсээ медаль хүртвэл маш их урам зориг авдаг байсан. Тэр утгаараа жүдо бөхийн спортыг сонгон хичээллэж буй хүүхдүүдэд урам зориг нэмэх, итгэл найдвар төрүүлэх үүднээс тэмцээнээ зохион байгуулсан юм.

-Яагаад заавал өөрийн төрсөн нутгаа сонгосон юм бэ?

-Хотын хүүхдүүдэд түүхэн газраа үзүүлэх, мөн Хархорин сумын хүүхэд багачуудыг жүдогоор түлхүү хичээллэхийг уриалах, энэ спортын гоё сайхныг мэдрүүлэх зорилготойгоор төрсөн нутгаа сонгосон юм.

-Манай өсвөр насны жудочдын ур чадвар хэр болж байна. Орон нутагт жүдо бөхийн спорт хэр хэмжээнд хөгжсөн байна вэ?

-Сүүлийн жилүүдэд жүдо бөхийн спортоор хичээллэх багачуудын тоо эрс нэмэгдсэн. Өсвөрийн улсын аваргад л гэхэд 1,000 гаруй хүүхэд барилдаж байсан шүү дээ. Хичээллэгсдийн тоо олшрохын хэрээр хүүхдүүдийн ур чадвар ч нэлээд сайжирчээ. Миний бага насныхтай харьцуулшгүй хэмжээнд өссөн гэж харлаа. Ийм хөгжлийг харах сайхан байна.

-Олон улсын хэмжээний мастер Б.Батгэрэлийн хамт Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Азийн наадам, ДАШТ гээд хоёр тэмцээнд оролцлоо. Шавь нар тань хүссэн хэмжээнд барилдаж чадав уу?

-Хонг Конгт ажиллаад жил хагас болсон байна. Энэ орны жүдо бөхийн хөгжлийг спорт сонирхогчид, жүдо сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Энд ажиллах хугацаандаа жудочдын техник ур чадварыг сайжруулах зорилготой. Энэ бол олон улсын хэмжээний мастер Б.Батгэрэл бид хоёрын гол зорилго. Зарим тэмцээнд хүүхдүүд маань ялахгүй байгаа ч хааяа тэнцүүхэн өрсөлдөөд ялагдаж байгааг хараад одоо жаахан хичээвэл чи ялах юм байна гэж тамирчдадаа урам зориг өгөхөөс гадна өөртөө сурах зүйл их байгааг олж хардаг.

Б.Батгэрэл бид хоёр бэлтгэлийнхээ талаар болон хүүхдүүдийнхээ дутагдалтай талыг дүгнэж байнга хоорондоо ярилцан төлөвлөгөөгөө гаргадаг. Заримдаа өөрсдөө биш хүүхдүүдээсээ ч асууж бэлтгэлээ төлөвлөх үе гарна. Ер нь санаа бодлоо сайн ярилцах нь амжилт гаргахад нөлөөлөх байх гэж боддог юм.Хонг Конгийн жудочид амжилт гаргахгүй байгаа нь шууд бэлтгэлтэй холбоотой. Бэлтгэл хийх нөхцөл байгаа ч хамтрагчийн тал дээр асуудалтай байна. Мөн оюутнууд их болохоор тэд маань хичээл сургууль гээд өглөөний бэлтгэл хийдэггүй.

Хичээл хийж сургуулиа төгсөхгүй бол мөнгө олж амьдрахад хэцүү гэсэн бодол давамгайлдаг нь ажиглагдаад байгаа юм. Тийм хүүхдүүдийн хичээлийг нь таслуулаад бэлтгэл хийлгэх хэцүү л дээ. Жүдо бөхөөр өндөр амжилт гаргаж, илүү өндөр төвшинд хөгжөөд ирвэл арай өөр байх л даа.

-Томоохон тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүнийг харахад дандаа хөнгөн жингийнхэн байна. Та хоёр өөрсдөө хөнгөн жингийн тамирчин болохоор илүү анхаарал хандуулж байна уу. Эсвэл хүнд жингийн тамирчин байдаггүй юм уу, Хонконгт?

-Хүнд жинд тамирчин байхгүй. Хамгийн хүнд жингийн бөх нь 73 кг-д барилдана. Бусад нь түүнээс доош жингийнхэн. Эмэгтэй гэхэд л 57 кг-аас доош жинд барилддаг. Ингээд бодохоор эрэгтэй, эмэгтэй нийт зургаан жинд л жүдогоор хичээллэж байна, Хонг Конгчууд. Энэ нь нэг талаараа Б.Батгэрэл бид хоёрт амар дөхөмтэй. Өөрсдөө бэлтгэлийн үеэр байнга хүүхдүүдтэйгээ барилдаж алдаа, оноог нь тэр дор нь хэлж өгнө.

-Нэгэнт гэрээ байгуулж, цалин аваад явж байгаа. Хонконгийн багт ажиллаж байгаа гол зорилго юу вэ?

-Дээр дурдсан даа. Тамирчдын ур чадварыг сайжруулъя гэж бодож байна. Түүнээс биш учиргүй том том медаль зүүдлээд, мөрөөдөөд байгаа зүйл алга. Ийм хүмүүсийг монголчуудтай харьцуулж, зүйрлээд байж болохгүй л дээ. Манайхны бэлтгэл тэс өөр орчинд болдог шүү дээ. Та Монголын жудочид хэрхэн бэлтгэлээ хийдгийг гадарлах байх. Манайхан бол маш өндөр түвшинд бэлтгэл хийдэг.

-Хонконг бол манайхаас өөр уур амьсгал, амьдралын орчинтой газар. Дасах гэж удсан уу?

-Цаг агаарын хувьд мэдээж манайхаас тэс өөр. Цас ордоггүй зундаа дэндүү халуун. Гэхдээ монгол хүний байгальд дасан зохицох чадварын ачаар эндхийн цаг агаар, орчин нөхцөлд хурдан дассан шүү.

-М.Бундмаа, П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа гээд гурван шилдэг эмэгтэй тамирчин нэгэн зэрэг зодог тайлсан. Гэтэл 52, -78 кг-ын жинд П.Лхамдэгд, та хоёрын барилдаан үгүйлэгдэж байх шиг. Учир нь, дээрх хоёр жинд манайхан сул өрсөлдөж байна. -78 кг-д бүр олон улсад эх орноо төлөөлөх тамирчин алга. Энэ талаар таны бодол?

-Бид бэлтгэл дээр бие биеэ их хурцалдаг, хор шарыг нь малтдаг, болохгүй байгаа зүйлийг нь хэлдэг тийм л сайхан дэмтэй найзууд. Лхамаа, Заяа хоёр маань гэр бүлтэй болохоор яалт ч үгүй спортоо орхисон. Харин миний хувьд амжилт буураад, жамаараа л больсон доо. Уг нь шигшээ багтаа дүү нартаа туслаад байж байх хүсэл их байсан. Том том тэмцээнд явахгүй ч дүү нартаа дэм болоод байя гэсэн бодолтой байлаа.

Гэтэл шигшээгээс гарсан. Тэмцээн уралдаанд явахгүй хүнийг юу гэж л шигшээ байлгаад байх вэ дээ. Одоо жингийнхээ дүү нарын барилдааныг хараад бас л болоогүй байна даа гэж өөрийн эрхгүй бодогддог. Лхамаа шиг барилдаанч хүн жинд нь дахиж гарч ирэхгүй л болов уу. Хэцүү шүү дээ. Миний бодлоор тамирчдыг насаар нь зааглаад, “одоо яв” гэх нь буруу юм шиг санагддаг. Эрэгтэйчүүдийн хүнд жинд Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр хоёроор л жишээ авъя.

Тэд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ах байгаа тулдаа л манай хоёр хичээж, бас тэр хүний эрдмээс суралцаад, амжилт гаргаад явж байна. Би ингэж л ойлгож байна. Н.Түвшинбаяр аварга бол бөхийн авьяастай хүн. Энэ хүнийг харж үлгэр дуурайлал, урам зориг авч, дагадаг тамирчин олон. Түүнийхээ хүчинд амжилт гаргадаг шиг байгаа юм. Үүнээс гадна 60 кг-д манай Г.Болдбаатар, Д.Амартүвшин байна. Энэ хоёртой харьцуулах хүүхэд 2020 гартал лав байхгүй шүү.

Амараа, Болдоо хоёрыг дэмжээд, дэмнээд өгвөл олимпоос медаль авна гэдэгт би итгэдэг. Дэлхийн медалиа ч хос болгох боломжтой. Олон улсын тавцанд энэ хоёр шиг барилдах залуу тамирчин одоогоор харагдахгүй байгаа нь үнэн. Намайг ингэж хэллээ гээд үеийнхнээ өмөөрч байна гэх байх. Гэхдээ би хэн нэгнийг өмөөрөөгүй. Би хөндлөнгийн нүдээр хараад хэлж байж магадгүй. Гэвч яалт ч үгүй тэгж харагдаад байна. Тэр хоёроос илүү барилдчих хүн хэн байна, хэл гэвэл тэр гээд халчих тамирчин олдохгүй л байх.

-Ид барилдаж байхдаа хамгийн сайхан дурсамж үлдээсэн тэмцээн юу байв?

-Анх Парисын “Их дуулга’’-д түрүүлсэн барилдаанаа огт мартдаггүй. Надад маш сайхан дурсамжийг үлдээсэн. Энэ тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин гэдгээрээ ч юм уу. Миний санаанаас огт гардаггүй, их санагддаг шүү.

-Та өөрийгөө насандаа зодог тайлсан гэж боддог уу. Арай л эрт тайлсан шиг санагдаад байдаг юм?

-Зодог тайлах гэж… Би хааяа тэмцээнд оролцож байгаа шүү дээ (Инээв). Өнгөрсөн жил гэхэд л “Хонконг опен”-д оролцож хүрлийн төлөөх барилдаанд Хонконгийн тамирчинд ялагдсан.

-Саяхан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчдын үнэлэмжийн талаар өөрийнхөө цахим хуудаст үзэл бодлоо бичжээ. Та уншсан байх. Манай улсад ер нь тамирчдын үнэлэмж хэр байгаа юм бол. Юу гэж боддог вэ?

-Х.Цагаанбаатар аваргатай санал нийлнэ. Монголд тамирчдыг үнэлэх үнэлэмж хэцүүхэн л харагдаж байна. Хүн чинь урмаар тэтгэгддэг амьтан. Амжилт гаргахад нь нутаг ус, ивээн тэтгэгч компаниуд амжилтыг нь зохих ёсоор үнэлээд өгвөл сайхан л байх. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болсон байлгүй дээ. Бас дүү нарыг маань дэмжиж байгаа ивээн тэтгэгч, хувь хүмүүст маш их баярлаж явдаг. Спортод амжилт гаргахад ивээн тэтгэгч яалт ч үгүй хэрэгтэй байдаг юм. Энэ дашрамд, намайг барилдаж байхад тусалж, дэмжиж байсан бүх хүнд баярлаж явдгаа хэлье.

-Хонконгийн гэрээгээ дуусгаад Монголдоо ирээд дасгалжуулагчаа хийх үү, эсвэл Хонконг шиг жүдогийн хөгжил муутай өөр оронд очих уу. Танд ер нь өөр орноос санал ирж байна уу?

-Энд ажиллах гэрээ ирэх оны дөрөвдүгээр сард дуусна. Одоохондоо үргэлжлүүлэн ажиллах, үгүйг хэлж мэдэхгүй юм. Монголд ажиллах талаар 2020 оны дараа л юу юм гэхээс, наана нь боломжгүй байх.

-Хонконгт таны ажиллах, амьдрах нөхцөл хэр сайн бэ?

-Дасаад ирэхээр амьдрахад сайхан л байна. Гэхдээ Монголыг минь яаж гүйцэх вэ дээ. Хүний нутгийн хөгжил нь сайхан ч эх орон гэдэг үнэт эрдэнийг юутай ч зүйрлэмгүй.

-Хувийн амьдралдаа анхаарал хандуулах цаг гарч байна уу. Ер нь гэр бүлийн талаар бодож байна уу?

-Гэр бүл оройтож байгаа нь үнэн. Монголдоо ажиллаж байсан бол өдийд гэр бүлтэй болчихсон ч байх юм билүү (инээв). Хонг Конгт бол худлаа юм байна шүү дээ. Мэдээж гэр бүл, ур хүүхэдтэй болохыг бодолгүй яах вэ. Тэр цаг нь хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй л байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Ирээдүйд олон сайн шавь төрүүлж, өөрийн хүрээгүй амжилтад хүргээрэй?

-Баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд намайг дэмжиж, тусалж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар анги, хурандаа С.Ганбат, Газрын дарга хурандаа н.Түвшинтулга, хэсгийн дарга дэд хурандаа н.Энхболд нартаа талархал илэрхийлье

Үндэсний шуудан Б.МӨНХЗУЛ

error: Content is protected !!