Залуу бүсгүй үрсийнхээ хамт өнчирч үлдсэнд хэн буруутай вэ…

Б. Хажидсүрэн 2018-10-22 12:36 1613

Сүүмэн сүүмэн анивалах зулын гэрэлд эгэл даруухан инээмсэглэх залуу хүний ухаалаг харц тодоос тод харагдана. “Хайран сайхан залуу. Хүүхдүүд нь жаахан юм байна шүү дээ” гэж өөрийн эрхгүй сэтгэл өвдөн харамсан халаглах тэр л мөчид бяцхан үрсийн уйлах дуун аавыгаа нэхэн дуудах мэт. Өлгийтэй нялх үрээ эрүүл саруул болгох гэж эмнэлгээр явж байсан бүсгүй нулимсаа арчих ухаангүй шахам хүүхдүүдээ харан гуниглан суухыг харахад өөрийн эрхгүй зүрх базлана…

Энэ бол амьдралын сайхныг мэдэрч, хөөрхөн хүүхдүүдийн ээж аав болоод, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваад 28-хан насандаа автын ослоор амиа алдсан Булган аймгийн Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын ард үлдсэн гэр бүлийнхэний дүр зураг. Хэдхэн хоногийн өмнө энэ гэр бүл элэг бүтэн, инээд хөөр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна…

Ингээд уншигч таньд амиа алдсан цагдаагийн алба хаагчийн хэргийн мөрөөр хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Энэ сарын 17-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумыг зорьсон бөгөөд энэхүү сурвалжлагаар түүний хэн болохыг тодруулж, үлдэж буй ар гэрийнхэнд сэтгэлийн дэм хайрлахыг хүссэн билээ. Ар гэрийнхэний хүсэлтээр буяны ажлаас хойш буюу энэ өдөр олон нийтэд ийнхүү мэдээлж байна.

“Алба хаагчийн тухай бичлэгээ сайтаасаа устгажээ”

Эргэн сануулахад, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр

http://mandtugai.mn/category/life/ цахим сайтад “ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТЭЭР АРД ИРГЭДЭЭ ДАРАМТАЛСААР БАЙХ УУ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ӨӨ” нэртэй бичлэг гарч, улмаар цахим орчин

цагдаагийн алба хаагчыг буруутгасан сэтгэгдэл, мэдээлэл олны анхаарлын төвд орсон юм. Уг мэдээллээс хойш 10 гаруйхан хоногийн дараа тэрээр 5 настай, 3 настай, 45 хоногтой нялх үрс, халамжит ханиа орхин авто замын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

http://mandtugai.mn цахим сайтынхан Ард түмний хяналт 1900-1210 төвд хандсан “Эрдэнэт импекс” ХХК-ий захирал, Эрдэнэт хотын “Хүлэг” захын босс Н.Эрдэнэсайханы гомдлын дагуу уг мэдээллийг бэлтгэсэн гэдэг. Тэрбээр “Тариалангийн талбайг минь манаж байсан Д.Доржийг адууны хулгайд сэрдэн авч явсан, аваачаад мэдүүлэг авахгүй байна” гэсэн бичлэг “1900-1210 ТӨВД ГОМДОЛ ГАРГАСАН Н.ЭРДЭНЭСАЙХАНЫ ЯРИА” нэрээр тус сайтад байх аж. Харин гэм буруутай хэмээн буруутгагдаад байсан талийгаач Мөнхтулгын бичлэгийг тус сайтаас устгасан байгаа нь хачирхалтай…

10 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагт бидний хэдэн сэтгүүлч нөхөд Булган аймгийн Гурванбулаг сумын зүг хөдөлж, 11 цагийн үед зорьсон газраа очсон юм. Хамгийн түрүүнд сумын Цагдаагийн хэсгийн барилгын гадна очиход түр хугацаагаар Булган аймгийн Автозамын цагдаа болон зэргэлдээх суурингийн Цагдаагийн алба хаагчид сумын цагдаагийн үүргийг гүйцэтгэх явцад ээлж соллцох үе нь таарлаа.

Хэрэг зоригоо хэлж, мэдээ мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийлэхэд тэд татгалзсан хариу өгсөн бөгөөд талийгаачийн хэргээс үүдэн тайлбар өгөхийг хүсэхгүй байгаа гэлээ. Иймд сум орон нутгийн иргэд болон төрийн албаны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан юм.

“Асуугдаж байгаа хүүхдүүддээ зориулж, хашаандаа
волейболын сетик хийж явсан хүн шүү дээ”
Хөршүүд нь зураг болон овог нэрээ ил гаргахыг хүсээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд хэлэхдээ “Ийш тийш явах болвол эхнэр хүүхдээ орхиод явахдаа манай хэдийг харж байгаарай гэдэг. Би хотод байгаад наашаа ирэх шөнө тэр явдал болж талийгаач зам тээврийн осолд орсон байна лээ. Уг нь “Манай эхнэр хүүхэд хот явж эмчлүүлэх гэж байна. Таниар хоол унд, өмсөх хувцас дөхүүлүүлнэ шүү гэж ярьсан юм” гэтэл тэр орой нь амиа алдчихлаа.

Сумын хэмжээнд талийгаачийг амиа хорлосон, өндөр уулнаас үсрээд үхчихсэн гээд цуураад байна. Тэр болгоныг тайлбарлаад байж амжихгүй юм. Дэлгүүрээр ороод гарахад л манай сумын хэсгийн төлөөлөгч амиа хорлочихсон гэнэ ээ гээд байна. Хамгийн гол нь өнөөдөр ард үлдэж байгаа эхнэр нь энд байгаагүйдээ л болж байна.

Хань нь амиа алдчихаад байхад ард нь үлдэж байгаа хүнд хэцүүхэн сонсогдож, зовооно шүү дээ. Ямар гадаа гараад манай нөхөр тэгээгүй гээд хашгиралтай нь биш. Хүмүүс сайнаар ч ярина, саараар ч ярина. Хүмүүс буяны ажил гээд орж гарахдаа л элдэв юм асуух юм. Мэдээлэл үнэн зөв байх нь л чухал байна. Хамгийн гол нь талийгаачийн нэр төрийг цэвэр авч үлдэж байж үр хүүхдүүдэд нь тус болно.

Бат-Ялалт гэдэг хүн талийгаачийг нас барсанаас хойш “Энэ хэргийг ингээд орхиё” гээд тайлбар хийчихсэн л байна лээ. Өөрөө цагдаагийн алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь буруу зөвийг ялгалгүй, олон нийтэд мэдээлчихээд одоо тэгж болохгүй. Тэр Дорж гэдэг хүнийг авчраад зодож, нүдсэн юм байхгүй. Суманд авчираад орох орон, байрлах айлыг нь олж өгчихөөд л явсан байсан.

Цагдаагийн алба хаагчид байцааж шалгахаар авчирсан хүнээ хооллож ундалдаг газартай байхгүй яасан юм. Гэтэл талийгаачийнд асуугдаж байсан хүмүүс амьдрах нь холгүй л байдаг байсан. Одоо цагт зээлгүй айл гэж байхгүй. Ганц хүний цалингаар амьдардаг. Цалингаа буухаар хоол, хүнсээ бэлтгээд асуугдаж байгаа хүмүүсээ хооллоод л явж байсан.

Өмнөх цагдаа нараас хэзээ ч талийгаач шиг харилцаа, хандлага харагдаж байгаагүй. Хашаандаа волейболын сетик хийсэн байгаа. Манай хүүхдүүд уйдаад байна гээд л асуугдаж байгаа хүүхдүүдэд зориулж хийж байлаа. Тогоо шиг гэдэстэй эхнэр нь тэдэнд хоол унд гээд л явдаг байсан. “Танайх өөрсдөө идэж уухгүй, авсан ганц хонио хэд хоног иднэ гэж ингээд байдаг юм бэ дээ” гэж хэлж л байсан.

Хүнээс гажууд юмыг талийгчаас харж байгаагүй. Талийгч “Би олон хүнтэй найзлаад байдаггүй цомхон байхдаа л амар санагддаг. Танилын хүрээ их байх тусам ажил хийхэд хэцүү болно, гуйлга ихсэнэ” гэдэг байсан. Манай дүүтэй нас ойролцоо. Дүү маань Баянхонгорт байгаа. Дүүгээс минь ялгаа юу байхав, нялх нойтон хүүхдүүдтэй гээд чадлаараа л тусалж дэмждэг байсан. Бага хүүхэд гэхэд хувийн зан чанарын хувьд өөлөх юмгүй л хүн байсан. 1990 оны л хүүхэд болов уу:

Дуулж хуурдах авъяастай сумын захиргааныхан Бүрэгхангай руу тэмцээнд хүртэл дагуулж явж байсан. Захиргааныхантай тэмцээнд явахдаа эхнэр хүүхдээ манайд үлдээгээд яваад ирсэн. Би аймгийн төв рүү ажилтай явж байгаад эргэж ирэхэд “Дүү нь фейсбүүкээр од болжийно оо” гэж хэлэхэд “миний дүү эрхий хуруу цуглуулж байна уу” гээд тоглоод өнгөрсөн. Гэтэл тэр Бат-Ялалтын хийсэн бичлэгийг үзсэн хүн болгон шейрлээд “цагдаа ингэлээ” гээд бөөн юм болсон байна лээ. Хамгийн сүүлд ингэж л уулзсан.

Эднийх нярай хүүхэдтэй байсан учраас Дорж гэгчийг гэртээ байлгах боломжгүй байсан. Тэрнээс шалгагдаж байгаа хүнээ гэр зуураа байлгах үе зөндөө л байсан. Гэрийнх нь төмөр хаалга их чимээтэй хүмүүс тогшиход л нялх нь цочино. Тэгээд нярайтай юм чинь миний дүү “Хаалга зөөлөн тогшино уу гээд биччихэж болно шүү дээ” гэж зөвлөж байлаа. Энд ирээд гурван сар гаруй болоход нь өөрийн гэсэн гэр орон, байртай болохгүй бол ингэж явуулын байх хэцүү юм даа, энэ цагдаагийн ажил гэж л бодож явсан даа, хөөрхий.

Цааш үзэх

http://newswall.mn/?p=10650

error: Content is protected !!