Э.Одгэрэл: Царай муутай, өрөөсөн чихгүй, ер нь хичнээн муухай төрсөн ч ямар ч хүнд ээж нь сайхан харагдалгүй яахав

Б. Хажидсүрэн 2018-10-19 23:12 9712

Э.Одгэрэл Э.Одгэрэл хатагтай өнөөдөр ч загварын тайзан дээр од мэт гялалзсаар үе мултарсан залуу охидтой эн чацуу “үзэлцсээр” яваа нь түүнийг “Мөнхийн залуу нас” гэж нэрлэхэд хүргэсэн биз. Үнэхээр ч энэ ертөнцийн эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон залуу насны гоо сайхнаа өдийг болтол хадгалж чадаж байгаа топ моделийн гоо сайхан дотроосоо гэрэлтдэг гэлтэй. Сайхан хүүхнийг тойрдог олны хэл ам хар хорын нүд энэ бүсгүйг хангалттай ээрдэг ч өөрийгөө хааяа нэг өрөвдөж уйлчихаад, эрхэмсэг ялдам төрхөөрөө ямагт байлдан дагуулж байдаг Э.Одгэрэл хатагтайн дотоод ертөнцөөр аялцгаая.

-Таныг ийм гайхалтай кофе чанадаг гэж мэдээгүй юм байна?

-Өө баярлалаа. Нэгэнт сүүтэй цай чанаж чадахгүйгээс хойш байгаа юмаараа дайллаа. Ер нь би янз бүрийн гоё кофенууд чанах дуртай, “Starbacks”-aac эхлээд, “Harrkrds”, “Franch style”, “Traditional” гээд бүтэн дөрвөн хайрцаг кофены “жоор” байгаа.

-Кофе их хэрэглэх олон сөрөг талтай гэдэг. Гэтэл кофены “фэн” байдгийн учир?

-Яахав зүрх маань жаахан өвддөг нь өвддөг. Гэхдээ кофе ууснаар зүрх өвддөг гэдэгтэй бол санал нийлдэггүй. Харин ч их амархан сэргэдэг болов уу. Миний хувьд лав кофе уухаар нэг их сайхан тайвшрах шиг болдог юм.

-Та цагаан хоолтон уу? Эсвэл хоолны дэглэмдээ найддаг уу?

-Тодорхой хэмжээгээр хоолны дэглэм барих шаардлагатай. Яаж ч их идсэн туранхай байдаг бол сайхан л байна. Гэхдээ миний хувьд хоолыг тэгтлээ нэг их амталж идэх дургүй. Амтлах тусам улам их идмээр болж, түлж шармаар санагдаад байдаг юм билээ. Жишээ нь байцааг дангаар нь жигнээд дотор нь жаахан оливийн тос хийгээд давс ч хийлгүй хөргөгчиндөө жаахан байлгаж байгаад гаргаад идэхээр их гоё байдаг. Бас гурилан бүтээгдэхүүнд их дуртай. Хар талхыг гэхэд ямар ч хольцгүй дангаар нь идэж өөрийнх нь амтыг амталж иддэг. Магадгүй тэгж иддэг болохоор хоол идэх сонирхол нэг их төрдөггүй биз. Ер нь ганцаараа хүн чинь нэг их хоол хийж идэх сонирхолгүй болчихдог.

-Хөндлөнгөөс харахад та гэртээ ганцаараа бодох санах юмгүй их аз жаргалтай харагдах юм. Эрх чөлөөндөө бүр дасал болчихсон уу?

-Би ер нь аль болох гэрэлтэй газар байх дуртай. Хүмүүс бaap, ресторанд орохоор аль болох харанхуй газар руу тэмүүлдэг бол би гэрэлтэй газар суух дуртай. Хамаагүй миний нүүрэн дээр хурц гэрэл туссан ч би тоодоггүй. Тийм учраас манайх цагаан өнгө зонхилсон айл. Өрөө нь ч жижигхэн болохоор цайвар өнгө их гэрэлтэй болгодог юм уу даа. Эрх чөлөө булаалгахын хувьд бүх зүйл надаас л шалтгаална. Хэнд булаалгаж, булаалгамааргүй байна гээд л. Одоохондоо энэ талаар бодож амжаагүй байна.

-Та их сайн тамирчин байх аа?

-Бассейнд 25 метрт амралтгүй шууд хоёр удаа туулдаг. Аягүй мундаг тамирчин. Тэрийг та нар хэддүгээр зэрэг гэж бодох вэ?(бас л инээмсэглэв). Надад ямар нэг зэрэг байхгүй. Ер нь усанд сэлсний дараа бие хөнгөрөөд их гоё байдаг. Харин аэробек бодигоор хичээллэж үзээгүй. Арьсаа эрүүл байлгахын тулд саунд л их суудаг даа.

-Хатагтай Одгэрэлийн цаг заваа зориулж цуглуулдаг ямар зүйл байдаг вэ?

-Ер нь энэ тэнд явахаараа лаа ихэвчлэн цуглуулдаг. Болдогсон бол лааны бүрэн цуглуулгатай болох юмсан гэж бодож байгаа. Лаа гэдэг чинь зүгээр нэг үзэмж төдий зүйл бишээс гадна галын дөл өөдөө гэдэг болохоор их билэгшээлтэй эд гэж боддог.

– Олонх нь нэг их намжиртай удаан ярьдаг, Вьетнам төрхтэй бүсгүй гэдэг байлаа. Үүнийг та яаж хүлээж авдаг байв?

-Намайг Вьетнамын эрлийз л гээд байдаг юм. Ээж аавыгаа харахаар монгол хүмүүс л харагддаг. Тэгээд ч би тэрэнд нэг их эмзэглэдэггүй. Хүүхэд байхад л намайг “Вьетнамын дайны үеэр чамайг олж авсан юм” гэж кино үйлдвэрийн хүмүүс цаашлуулдаг байсан. Хараад байхад би эхлээд аавтайгаа их төстэй байсан. Харин нас яваад ирэхээр ээжтэйгээ их адилхан болоод байгаа юм байна гэж боддог. Яг үнэндээ өөрийнхөө дууг сонсохоор их сонин байдаг. Яагаад гэдгээ ёстой мэддэггүй. Ямар сайндаа рекламанд зураг авахуулахдаа би юм ярихгүй шүү л гэдэг. Яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй.

-Таны миссийн титэм одоо байдаг уу?

-Тэр үед алтан эрдэнээс бусад нь титэмгүй байсан учраас туузаа хадгалж үлдсэн.

-Охинд чинь ээжээрээ бахархах сэтгэл үргэлж төрдөг байх. Үүнийгээ яаж илэрхийлдэг вэ?

-Царай муутай, өрөөсөн чихгүй, ер нь хичнээн муухай төрсөн ч ямар ч хүнд ээж нь сайхан харагдалгүй
яахав. Мэдээж хэн ч гэсэн өөрийнхөө ээжийг хамгийн сайхан нь гэж боддог. Ямар ч байсан миний охин ээждээ хязгааргүй хайртай гэдгийг нь мэдрэхэд надад сайхан санагддаг. Зарим үед зурагтаар намайг гарахаар “Танай ээж гарсан” гээд ангийнх нь охидууд хэлэхээр охинд маань бахархах сэтгэл төрдөг юм шиг байна лээ. Охин маань их эрх болохоор миний хажууд суулаа гэхэд ерөөсөө зүгээр байхгүй, байнга л илж нялуураад үс хүзүүгээр оролдоод, нүд нь гурвалжин болчихоод сууж байхыг харахаар өөрийн эрхгүй өхөөрдөл төрдөг. Охин бид хоёр олдсон боломж болгоноо хоёр биендээ зориулж, зугаатай өнгөрөөхийг хичээдэг. Хамгийн өхөөрдмөөр нь хааяа охиноо бага зэрэг загнахад нүдэнд нь нулимс цийлэгнээд эрхлэхээр нь нь амархан өрөвдчихдөг юм.

-Та түрүүн амттанд дуртай гэсэн. Дэглэм барьдаг хүнд том “проблем” биш үү?

-Харин манай охин харьцангуй гайгүй. Ёстой нялуун чихэр юм гэх жишээтэй. Хоёулаа зефирэнд их дуртай.
Найзууд маань мэддэг мөртлөө голдуу л архи өгөх юм байна ш дээ. Ноднингийн төрсөн өдрийн бэлэг маань одоо хүртэл байна. Нээрэн архи сайн цуглуулахаар алт мөнгө сайн цуглардаг юм гэнэ лээ(инээв).

-Үнэт эдлэл бол эмэгтэй хүний том илэрхийлэл. Тийм үү?

-Гурав дөрвөн ээлжийн ээмэг зүүлт байдаг. Хааяа нэг зүүхээр өөрийн эрхгүй нөгөөхөө бариад тээршаагаад байдаг юм. Ээмгээ тайлахаар оймсоо тайлсан юм шиг санаа амрах шиг болдог. Ер нь би ээмэг зүүхээр унтаж чаддаггүй юм. Эгч нар болохоор “Эмэгтэй хүн чихэндээ хоосон явж болдоггүй юм” гэж хэлдэг. Мэдээж шаардлагатай үедээ том том ээмэг зүүх хэрэг гарвал хэрэглэнэ. Сүүлийн үед харин хүзүүний зүүлтүүд их сонирхоод байгаа.

-Та их овор багатай харагддаг. Гадаад төрх,хувцаслалт ч бас нөлөөлдөг. “Мөнхийн залуу” жороо хуваалцвал их таатай байна?

-Надад нэг их айхтар олон булга минжин шуба байхгүй. Яахав өөрөө загварын хүн юм чинь өөрт ямар хувцас таарах вэ гэдгийг мэддэг болчихсон учраас хувцас маань надад их сууж, зохиж харагддаг байх. Тэрнээс нэг их үнэтэй фирмийн хувцас өмссөн хэрнээ аятайхан харагддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Хичнээн “Энэ чинь Версачи шүү дээ” гэсэн ч хүмүүст тэр нь тэгж харагддаггүй тохиолдол байдаг. Сонголтын хувьд энд тэнд явж байхдаа аль болох өнгийг нь зохицуулаад л худалдаж авдаг. Ер нь би гоёлын даашинз цуглуулах дуртай. Гэхдээ хамгийн их санаа тавьдаг нь миний гуталны цуглуулга. Ямар сайндаа манай нэг найз хүүхэн “Чи ямар арван салаа хөлтэй биш” гэж шоолж байсан.

-Та арай гуталны үзэсгэлэн гаргах юм биш биз?

-Гаргах хэмжээнд бол байгаа(инээв).

-Бид тайзан дээр жинхэнэ ялдам эрхэмсэг Одгэрэлийг хардаг бол жирийн үед та саваагүй охин шиг юм?

-Би уг нь их гутрангуй үзэлтэй, сэтгэлээр амархан унадаг хүн шиг байгаа юм. Алив юманд амархан гомдож амархан баярладаг. Ер нь хүний сэтгэл санаа ямар байгаа нь байгаа байдлаас нь ойлгогддог. Яг одоо миний хувьд сэтгэл санаа өөдрөг хөнгөн байна. Би чинь нэг сэтгэлээр унавал нэгмөсөн унана шүү дээ. Эрхэмсэг гэдгийн хувьд тайзан дээр зөвхөн Одгэрэл загвар өмсч байгаа мэт боловч загвар өмсөгч хүн хувцсандаа зориулж өөрийгөө өөрчлөх ёстой. Хичнээн баяр гунигтай байсан ч хувцасандаа л анхаарлаа хандуулна. Тэгээд ч миний өмссөн хувцаснууд загвар зохион бүтээгчдийн санаагаар эрхэмсэг дэгжин загварууд байдаг. Магадгүй 18 настай хүүхэд өмсвөл хувцас гэж харагдахааргүй ч юм уу. Арай өөрийгөө магтсан болохгүй байгаа даа.

-Тэр баяр гунигаа яаж хөнгөлдөг вэ?

-Мэдээж найз нартайгаа жаахан ярьж сууна. Гэхдээ хэн нэгэнд өөрийнхөө асуудлыг тулгалгүй эцсийн шийдвэрийг өөрөө л гаргадаг. Тиймээс гунигласан үедээ ихэвчлэн ганцаараа байж эргэцүүлэн бодох дуртай.

-Тэгвэл таны дарсны сонголт?

-Хэлчихвэл нэлээн аймаар архичин эмэгтэй болчих гээд байна(инээв). Сүүлийн үед харин цүнхэндээ гоё ундаа хийгээд явж байгаа. Хааяа вино, эсвэл чангахан шиг 50 грамм конъяк уухад сайхан байдаг. Гэхдээ бүжиглэхдээ уудаггүй. Дээр үед шампанск ууж шартаж байсан. Бараг долоо хоног хүнд байдалтай байсан.
Тэрнээс хойш түүнийг амсахаа больсон байсан. Харин сүүлийн үед бага багаар дасгаж шампанск ууж сурч байгаа.

-Өнөөдөр мягмар гариг. Зарим хүмүүс энэ өдөр ажил бүтдэггүй гэж ярьдаг. Таныхаар энэ заншлыг юу гэж үздэг вэ?

-Надад ерөөсөө тийм юм байдаггүй. Хоёр дахь өдөр болгон хийсэн сайн муу үйл болгон давтагддаг гэдэг учраас аль болох сонирхолтой өнгөрүүлэхийг хичээдэг. Тэр байтугай дэлгүүр явж, гоё юм худалдан авах дуртай.

-Өнөөдөр бид ямар ч будаггүй Одгэрэлийг харахад үсээ годойтол боочихсон жаахан охин шиг харагдаж байна. Ямар үед будаггүй байх дуртай вэ?

-Мэдээж гэртээ байхдаа аль болох будаггүй байхыг хичээдэг. Будсан ч аль болох “натуральный” харагдахыг хичээнэ үү гэхээс нэг их олон крем, пудр, олон өнгийн тень тавих дургүй. Мэдээж үнэтэй косметик чанартай байдаг. Одоогоор “Clinique”-ийг хэрэглэж байгаа. “Lancome”, “Кристиан Диор” гээд байн байн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ өөрчлөх дуртай. Тэр байтугай емнө нь “Baby cream” түрхээд л явдаг байсан. Ямар нэг химийн найрлагагүй болохоор миний арьсанд их зохидог байсан.

-Гоо сайхны мэс засалд та ямраар ханддагийг асуувал дургүйцэхгүй биз дээ?

-За байз. Хаанаа хийлгэдэг юм билээ(санаа алдав). Эхлээд ямар ч байсан ганц хоёр газраа шивээс хийлгэж байж л дараачийн асуудалдаа орно доо. Одоо ядаж надад ганц шивээс ч алга. Чихээ л гэхэд 7-р ангидаа цоолсон юм байна.

-Жаахан нарийн юм руу орьё. Гоё сайхан байдгийн чинь нууц винотой, сүүтэй ваннд орох ч юм уу гээд задлаж болохгүй юу?

-Тэр нь ч арай юу юм бэ. Ер нь өөрт олдсон цаг болгоныг өөртөө зарцуулахыг хичээдэг. Тэр тусмаа хийж байгаа зүйлээсээ өөрөө өөртөө таашаал авах бүр их дуртай. Ваннд орлоо гэхэд нэг их гоё лаа асаагаад, вино тамшаалж хөгжим тавиад юм бодох их гоё байдаг. Тэрний дараа унтахад илүү их амрах шиг болдог юм. Харин шилмүүсний ханд миний арьсанд зохидоггүй. Ер нь ванны гоё хөөснүүд л зүгээр байдаг.

-Тачаангуй халуухан бүсгүйн хувьд сонирхох гоёл бас байна. Тухайлбал дотуур хувцасны сонголт?

-Эмэгтэй хүний цуглуулах дуртай юмны нэг нь яах аргагүй дотуур хувцас юм. Тэгээд ч загварынхан бид нар хаа явсан газраа өмд гутлаа тайлж явдаг хүмүүс юм чинь яалт ч үгүй явсан газар болгоноосоо дотуур хувцас худалдаж авах хэрэгтэй болно. Нөгөө талаар манайд ч гэсэн Итали, Францын дотуур хувцасны сонголтууд өргөн болсон. Миний дотуур хувцаснууд хайрцагтайгаа байдаг юм. Ер нь сиймгэр гэрэлтсэн юмуу чамин дотуур хувцсанд дуртай.

-Дотуур хувцас бэлэглэж байсан азтай эр байсан уу?

-Хүнээс авах биш, өөртөө зориулж үнэтэйг нь худалдаж авч байсан. Тэгээд ч дотуур хувцас бэлэглэх хэмжээнд очтолоо эрчүүдтэй дотносоогүй байна даа. Надтай нэлээд дотно болж байж л дотуур хувцас бэлэглэх байх(инээв).

-Та их эрх танхил өссөн үү?

-Нэг их эрх бишээ. Яг өөрийнхөө дээд талынхаа эгчтэй л арай дотно байж нууцаа ярьдаг.

-Хатагтай Одгэрэлийн уурлаж байгааг төсөөлье гэсэн чинь сонин санагдлаа?

-Уурлахаараа нүдээ эргэлдүүлээд дуугүй болчихдог.

-Сайн унтана гэдэг гоо сайхны эм. Унтаж өгөх үү?

-Хүүхэд байхдаа хичээлээ тасалж байгаад унтдаг байсан. Дараа нь “Шилмэл загвар”-т ажиллаж байхдаа үдийн цайны цагаар сейфний ард бөх гэгч нь унтдаг байсан. Одоо бол гайгүй ээ.

-Та хөршүүдтэйгээ хэр дотно байдаг хүн бэ?

-Ний нуугүй хэлэхэд СӨХ-ны хуралд нэг их суудаггүй. Анх энэ байранд ирэхдээ коридороо сайн дураараа угаадаг байсан. Хүмүүс цэвэрлэгээтэй гэсэн юм уу гэхээр нь “Тийм ээ” гээд л хэлчихдэг байлаа. Одоо бол амжихгүй юм даа. Харин яагаад ч юм ойр хавийнхаа айлуудыг нэг их сайн мэдэхгүй. Хүүхдүүдтэй нь л их найз. Байж байгаад л “Одгэрэл эгчээ” гээд гарын үсэг авах гээд цаасны булан бариад ороод ирнэ. Ёстой өхөөрдмөөр байдаг.

-Ямар нэг өхөөрдөм амьтантай өөрийгөө зүйрлэвэл?

-Би өөрийгөө амьтантай зүйрлэж байгаагүй юм байна. Магадгүй акул байсан байх аа(инээв).

-Уучлаарай хамгийн сүүлд хэзээ уйлснаа та санаж байна уу?

-Би их амархан уйлдаг. Хоолой зангираад л явчихдаг юм. Зарим үед телевиз үзэж байгаад л өөрийн эрхгүй уйлчихдаг. Хааяа өөрийгөө өрөвдөөд уйлчихна. Ер нь уйламхай л хүн дээ.

-Тайзан дээр гарахдаа хамгийн дээд тал нь хэдэн см өсгийтэй туфлин дээр явж байсан бол?

-12 см-ийг өмсч байсан. Хааяа намхан өсгийтэй гутал өмсөхөөр хөл өвдөөд байдаг. Өндөр өсгий чинь хүнийг их цэгцтэй байлгадаг.

-Та өөрийгөө хэр үрэлгэн хүн гэж боддог вэ?

-500 мянга ч бай таван төгрөг ч бай гартаа атгасан л бол мөнгийг үрж байж санаа амардаг(инээв). Гэхдээ маргаашийнхаа мөнгийг үлдээлгүй яахав. Ер нь би нэлээд үрэлгэн талдаа шүү. Өөрөө бэлгэнд дуртай болоод ч тэр үү хүмүүст юм худалдаж авах дуртай. Өчигдөр хүртэл нэг хүнээс их гоё сэтгэлийн бэлэг авсан. Би хүнд бэлэг өгөхдөө ямар нэг баяр хүлээдэггүй. Тэр хүний санаанд ороогүй байхад нь тасалгааны цэцэг, эсвэл гоё боодолтой зүйл өгөх дуртай. Надад 99 сарнай бэлэглэж байсан хүн байдаг.

-Таныг нэлээд сайн дискочин гэж сонссон шүү?

-Намайг бүжиглэж байхыг харвал та нар ичих байх(хошигнов). Тайзнаас буухгуй гээд л үзнэ дээ.

-Танайх гэрийн үйлчлэгчтэй юу?

-Одоохондоо гэрийн үйлчлэгчийн шаардлага надад байхгүй. Үнэндээ ч юугаа цэвэрлүүлнэ гэж үйлчлэгч авах вэ. Би өөрөө л гэрээ цэвэрлэдэг. Та нар миний өвдгийг хар л даа(хөлөө үзүүлэв). Шал угаасаар байгаад зулгарчихсан байгаа биз дээ. Бүх юмыг өөрөө л хийнэ үү гэхээс хүний хийсэн зүйл миний санаанд хүрдэггүй.
Тэгээд ч гэртээ нэг их хүн урьдаггүй. Хувцсаа хими цэвэрлэгээнд өгчихдөг. Миний хувьд юм индүүдсэнээс хоёр дахин илүү угаасан нь дээр гэж боддог. Тэгээд ч надад индүүдэх материалтай хувцас бараг байдаггүй.

-Гадаад явахдаа юунд цаг заваа зардаг бол?

-Заавал таван одтой буудал гэдэггүй. Очсон газар болгондоо учиргүй дэлгүүр хэсээд явдаггүй. Яахав зав гарвал цаг зарцуулна. Харин тухайн орны онцлогийг харуулсан эртний барилга байшингуудыг сонирхож гудамжаар алхах дуртай.

-Ямар машинд нүд унагадаг вэ? Хэр сайн жолооч вэ?

-Би машины урд нь сууж чаддаггүй болохоор жолооч биш нь ойлгогдож байгаа байх. Би ер нь тааралдсан газар болгондоо гар өргөж такси барьдаг.

-Таныг энд тэнд алхаж явахыг чинь харахад эрэгтэй байтугай эмэгтэй хүн эргэж хармаар юм билээ. Тийм харцыг өөрөө олж хардаг уу?

-Хүмүүс намайг хараад байна уу гээд учиргүй анзаардаггүй. Түүний оронд хийх ажлаа бодоод л явж байдаг. Хараа муутай болохоор анзааргагүй байж ч магад. Заримдаа хөвгүүд жаахан дэггүйтээд “Одгэрэл эгчээ. Ганц хоёр үг солиодохъё” гээд “Цэнхэр дэлгэц” дээр гардаг хэсгийг дуулахаар нь “Юу гэнэ ээ. Намайг дуудсан уу” гээд шууд яваад очихоор ичээд “Энэ энэ” гээд бие биен рүүгээ чихдэг. Ер нь хөгжилтэй зүйл хааяа тохиолддог.

-Гадаад эрээс гэрлэх санал ирвэл яаж хүлээж авах вэ? Манай нэг од бүсгүй “Монгол эрчүүдийг муу хойд эцэг байдаг” гэж дүгнэсэн шүү дээ?

-Харин яах вэ. Энэ тал дээр ерөөсөө өмнө нь бодож байгаагүй юм байна. Мөрөөдсөн чинь гоё санагдаж байна. Сайхан сэтгэлтэй залуу таарвал яах бол. Хүнтэй суувал миний охинд ямар хандах бол гээд л. Хойд эцгийн тал дээр бас л бодож байгаагүй юм байна.

-Хэн нэгэн залуу тантай гэрээгээр амьдаръя гэвэл?

-Энэ талаар бас л бодож байгаагүй юм байна. Эцсийн эцэст хүмүүс хоорондоо зохицож байвал яагаад болохгүй гэж. Хэрэв надад тийм нөхцөл тавибал яаж хүлээж авахаа хэлж мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд өөрийгөө ажиглаад байхад би их сэтгэл дагаж амьдардаг хүн шиг байгаа юм.

-Өнөө орой хүлээн авалттай гэвэл та манай олны танил эрчүүдээс хэнийг нь сугадаж алхмаар байна даа?

-За байз. Би сонгодог юм байж. Намайг сонгох болов уу яах юм бол. Тэгээд нөгөөх нь эхнэртэй хүн байвал хэцүү биз дээ. Хэрэв эзгүй арал руу явбал зөндөө их унших ном авч явна даа.

Монголын нэг өдөр

error: Content is protected !!