Монгол Улсын Их Сургууль, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбортой хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Б. Хажидсүрэн 2018-10-19 13:29 103

Монгол Улсын Их Сургууль, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбортой хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Уг гэрээний хэлэлцээрт Монгол Улсын Их Сургуулийг төлөөлж захирал доктор Я.Төмөрбаатар,
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборыг төлөөлж Ерөнхий захирал О.Доржсүрэн нар гарын үсэг зурснаар энэхүү хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болов.


Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн оюутан суралцагсдад “Найрамдал” цогцолборын үйл ажиллагааг танилцуулан туршлага судлуулах, МУИС-ийн оюутнууд тус цогцолборт амарч буй гадаад хүүхдүүдийн орчуулагчаар ажиллах, зуны дадлага хийх болон МУИС-д суралцаж буй гадаад оюутнууд сайн дурын ажилтнаар ОУХНЦ-ын зуны ээлжинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр гэрээнд тусгасан байгаа юм.
Түүнчлэн Хөгжлийн хөтөлбөрт санал болгож буй одон орон-байгаль шинжлэл, байгаль экологи, Монгол зан заншил-орон судлал, шинжлэх ухаан-танин мэдэхүй, мэдээлэл зүй-робокон, эрх зүй-хүүхдийн оролцоо, гадаад хэлний зуны сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах баг хамт олныг сонгон шалгаруулж ажиллуулах зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар болж байна.

Үндэсний болон Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулах, МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Экологийн боловсролын Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн аялалд Найрамдалын багш, ажилтнуудын хүүхдийг тусгай хөтөлбөрийн дагуу хамруулах зэрэг хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах бүхий л боломжийг үр дүнтэй ашиглан хүүхэд, залуучуудад ээлтэй хамтын ажиллагааг бий болгох зорилгоор энэхүү гэрээг үзэглэлээ.

/2018.10.18/

error: Content is protected !!