Б.Анхболдын Мөрөөдөл Биелэж, ХУРИМЫН ОРДОНД Гэрлэлтээ Батлуулахаар Боллоо

Б. Хажидсүрэн 2018-10-15 11:19 253

Хуванцар сав, лааз түүж, өдрийн амжиргааны зардал болон эхнэрийнхээ эм тарианы мөнгийг залгуулдаг Б.Анхболд гэх залуугийн талаарх сурвалжлагыг өнгөрсөн баасан гаригт манай сайт хүргэсэн. Учир нь хуванцар лааз түүдэг аав, хүү хоёрын ноцолдож буй зураг сошиалд тархаж, хүн бүр тэднийг сонирхож эхэлсэн учир нийгэмд ХАЙР түгээж чадсан аав, хүү хоёрын ЕРТӨНЦ-өөр манай сайт зочилсон юм.

Б.Анхболд нь дөрвөн настайдаа тархиндаа тал харвалт өгснөөс үүдэн баруун гарын хуруунууд нь мэдээгүй болж, групп тогтоолгосон. Харин эхнэр нь тархины өвчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг. Эмчийн хяналтад байдаг эхнэр нь үе, үе эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз түүж олсон орлогоороо шаардлагатай эм тариаг нь байнга авч өгдөг юм.

Гэхдээ Б.Анхболд амьдрал хэцүү байна гэж бор дарсанд ороогүй. Архи дарснаас хол. Мөнгөгүй байсан ч эхнэр хүүхдээ хайр халамжаар дутаалгүй, аз жаргал дүүрэн амьдарч байгаа нь хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан билээ. Тиймдээ ч манай сайт болон “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын фэйсбүүк групп” хамтран Б.Анхболдын гэр бүлд туслаж, хашаа байшин барьж өгөх хандивын аяныг эхлүүлэн түүний нэр дээр 5017377484 данс нээсэн юм. Харин өнөөдрийн байдлаар уг дансанд 1.700.000 сая төгрөг цуглаад байна.

Б.Анхболд ярилцлагадаа “Эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч над шиг амьдралтай хүн Хуримын ордонд орж чадахгүй байх өө. Гэхдээ эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан гэж бодож явдаг” хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг хөндөж чадсан юм.

Иймээс ч Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордоноос манай сайт руу хандаж, Б.Анхболдын нууцхан мөрөөдлийг биелүүлж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтийг нь батлуулж өгөх хүсэлтээ байгаагаа дуулгалаа.

Ингээд тэдний хуримыг батлуулж өгөх хүсэлтийг Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны захирал Х.Болор-Эрдэнэд тавьсан Д.Мөнхгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Б.Анхболдын мөрөөдлийг биелүүлж, гэрлэлтийг нь батлуулж өгөхөөр болжээ. Энэ хүсэлтийг анх та Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордоныхонд тавьсан юм байна?

-Тиймээ. Танай сурвалжлагыг уншаад их сэтгэл хөдөлсөн. Тэгээд яагаад ч юм Б.Анхболд, М.Түвшинжаргал нарын гэрлэлтийг Хуримын ордонд батлуулаад өгчих юмсан гэж бодсон. Би өнгөрсөн хавар Модны 2-т охинтойгоо явж байгаад аав, хүү хоёртой таарч байсан юм. Тухайн үед хүү нь ааваа би ядраад байна гэсэн чинь аав нь шуудайгаа ухаж ухаж, савны талаар ундаа гаргаж өгсөн чинь хүү нь ааваа би ядрахаа больчихлоо гээд л аавдаа үнсүүлээд цааш алхаж явсан. Тэр хоёроос нэг л тийм гоё хайр мэдрэгдээд байсан л даа. Гэтэл яг тэр аав, хүү хоёрын тухай сурвалжлага танай сайт дээр гарчихсан байсан. Өмнө нь их дулаан сэтгэгдэл үлдээчихсэн байсан болохоор сурвалжлага уншаад бүр ч их сэтгэл хөдөлсөн гэх үү дээ. Тэгээд л аавынх нь хүслийг биелүүлж, хуримын ордонд гэрлэлтийг нь батлуулаад өгчих юмсан гэж бодож эхэлсэн.

-Тэгээд Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордонд хандсан юм уу?

-Тийм. Би Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны захирал Болороо эгчийг таньдаг юм. Тэгээд танай сурвалжлагын линкийг Болороо эгч рүү явуулаад боломж нь байдаг бол энэ хоёрын хуримыг хийгээд өгвөл гоё юм аа эгчээ гэсэн чинь Болороо эгч бололгүй яахав. Манай зүгээс Гэрлэх ёслолын бүх зардлыг нь үнэ төлбөргүй хийгээд өгье. Одоо хурим найрын сар эхэлсэн тул маш завгүй байгаа. Тиймээс чи өөрөө бүх зүйлийг зохион байгуулаад хугацаагаа товлоод ирвэл гэрлэх ёслолыг нь хийж өгөхдөө баяртай байх болно гэсэн. Тэгээд л танай сайттай холбогдсон юм.

-Гэрлэх ёслолын багцад юу юу орж байгаа вэ?

-Гэрлэх ёслолын багцад цайллагаас бусад бүх зүйл нь орж байгаа. Цайллагыг хараахан хийж өгөх боломжгүй юм билээ. Юутай ч гэрлэлтийг нь Хуримын ордонд батлуулаад өгнө.

Б.Анхболдод туслах сайхан сэтгэлд Монголчуудын тусламж үүгээр ч дуусаагүй. Б.Анхболд болон түүний эхнэр М.Түмэнжаргал нар группт байдаг учраас өнөөдөр шүд болон уламжлалт эмчилгээний эмнэлэг үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Түүнчлэн Б.Анхболдод туслах аян гадаадад байдаг монголчуудад ч хүрээд байгаа бөгөөд Сөүлийн их сургуулийн монгол оюутнууд Б.Анхболдын гэр бүлд туслахаар 10.000 вонийн долоо хоногийн хандивын аяныг эхлүүлээд байгаагаа хэлсэн юм. Мөн хувь хүмүүс болон гадаадын иргэн, хөдөө орон нутгаас ч тэдэнд сэтгэлийн бэлэг, тусламж ирсээр байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн 1012 дугаар лангууны эзэн хөнжил, хөнжилийн даавууг бэлэглэсэн бол Герман улсын нэгэн иргэн Б.Анхболдын хүү А.Бат-Эрдэнэд өвлийн куртик, гутал, өмд авч өгчээ. Мөн Б.Анхболд эхнэрээ хуримын даашинзтай харахыг хүсдэг гэсэн хүслийг нь биелүүлэх үүднээс Орхон аймгийн Эрдэнэт хотод оршин суудаг нэгэн эмэгтэй Б.Анхболдын эхнэр Н.Түмэнжаргалтай нас, бие ойролцоо тул өөрийн хуримын даашинзаа бэлэглэсэн байна.

Түүнчлэн манай сайттай хамтран ажилладаг гэрэл зургийн студи бидэнд хандан хуримын гэрэл зургийн цогц үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд билээ.

error: Content is protected !!