ЭЕРЭГ МОНГОЛ: Ажилдаа дуртай ирээд, гэр лүүгээ яарч харьдаг хүн аз жаргалтай байдаг

Б. Хажидсүрэн 2018-10-02 20:54 263

Юнител Группээс санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг Монгол” хөтөлбөрийн дараагийн хүн бол Р.Артаг. Тэрбээр галт тэргийг хөдлөхөөс өмнө үзлэг хийж, хөдөлгөөнд саадгүй оролцуулах, аюулгүй байдлыг нь хангах чухал үүргийг гүйцэтгэдэг ажээ.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Вагон ашиглалтын депогийн харьяа Улаанбаатар техник үйлчилгээний газрын ахлах үзэгч Р.Артагтай ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар ярилцлаа.

 

-Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байснаа дурсахгүй юу?

-Би төмөр зам гэдэг их айлд ороод 28 дахь жилдээ ажиллаж байна. 1989 онд зуныхаа амралтаар геологийн чиглэлээр ажиллаж явахдаа анх удаа галт тэргээр аялж үзэж байлаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн зан ааш, ажлын онцлог надад их таалагдаж билээ.

Авга ах, эгч хоёр маань бас төмөр замд ажиллаж байлаа. Тэднийг юу хийдгийг сайн мэдэхгүй ч ажлаар нь их бахархдаг байсан юм. Тэр үед сургууль төгсөх дөхөж байлаа. Сургуулийн санал ирэхэд Төмөр замд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд сургуульдаа ч элсэн орж төгслөө. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Эхнэр Б.Лхагвасайхан маань бас Төмөр замд ажилладаг юм.

-Мэргэжлийнхээ онцлогийн талаар сонирхуулж ярихгүй юу?

-Төмөр зам Монголдоо хамгийн олон ажиллагсадтай байгууллагуудын нэг. Би ачаа болон зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэргийг саадгүй хүргэх үүрэгтэй ажил хийдэг юм. Бидний бэлдэж явуулсан галт тэрэг Улаанбаатараас Сүхбаатар, цаашлаад ОХУ-ын Москва хот, урагшаа Бээжин хүртэл явдаг.

Бид жижигхэн алхаар цохиж үзээд дуу чимээгээр нь вагоны гэмтлийг мэдэрч илрүүлдэг юм.

Хүнээр яривал эмчтэй адил юм. Ачаа болон зорчигчийн вагоны бүх л гэмтэл, засварыг хариуцаж ажилладаг. Бид жижигхэн алхаар цохиж үзээд дуу чимээгээр нь гэмтлийг мэдэрч илрүүлдэг юм. Сонсож мэдрээд гэмтэл илэрвэл лавшруулж үзээд, засах, шаардлагатай бол вагоныг шилжүүлэх гэх мэтчилэн вагоны “эмчээр” ажилладаг.

-Та ажлынхаа юугаар бахархаж явдаг вэ?

-Төмөр замын ажил байнга ахицтай байдаг. Зогсолтгүй урагшаа ахиж байдаг салбар. Монгол Улсын төмөр зам Ази-Европыг холбосон хамгийн дөт зам гэдгээрээ ирээдүй нь гэрэлтэй гэгээтэй харагддаг. “Цаашдаа яах бол доо” гэсэн санаа зовох зүйлгүй байгууллага. Ийм байгууллагад ажилладагтаа үргэлж бахархаж явдаг.

-Таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Хүн хүчээр ажил хийнэ гэдэг хэцүү. Харин ажилдаа дуртай ирээд, гэр лүүгээ яарч харьдаг хүн аз жаргалтай байдаг. Миний хувьд олон жил ажилласан болохоор ажилдаа дуртай. Байгууллагаас өгч байгаа ахуй хангамж, хувцас хунар, хөдөлмөрийн аюулгүй байдал, захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь өндөр. Ер нь бүхий л талаараа хүний төлөө байдаг.

Ийм хариуцлагатай ажил хийж байгаадаа өөрөөрөө болон хамт олноороо бахархаж явдаг даа

Нөгөөтэйгүүр маш өндөр хариуцлагатай байх ёстой. Ийм хариуцлагатай ажил хийж байгаадаа өөрөөрөө болон хамт олноороо бахархаж явдаг даа.
-Амьдралд тань тохиолдож байсан онцгой үйл явдал юу байв?

-Олон ч зүйл тохиолдож байлаа. Галт тэрэгт хүний нүдэнд харагдах, харагдахгүй гэмтлүүд гэж бий. Вагон үзэгч тэр бүхнийг өөрийн мэдрэмжээр ялгаж байдаг. Баахан адилхан вагон ирэхэд тэр дундаас тэдэн номерын галт тэрэгний тэд дэх вагон гэмтэлтэй байна гэж сонсож, харж олдог. Жишээ нь, зорчигчийн вагон ирэхэд редуктор /араа/ гацсан байсныг илрүүлж, цаашид тээвэр хийх боломжгүй байна гээд зогсоож байлаа. Вагон үзэгч хүний сонор сэрэмжээр илрүүлж байгаа хэрэг.

-Таны ажлын бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Ер нь амар ажил байхгүй шүү дээ. Бидний ажлын онцлог бүх юм цаг минутаар хэмжигддэг. Нэг минут ч хоцроох эрхгүй. 17:20 цагт галт тэрэг хөдлөх хуваарьтай бол 17:20-доо л хөдлөх үүрэгтэй. 17:21 цагт хөдөлбөл хариуцлага яригдана. Бүх зөрлөгүүдийн цагийг төлөвлөчихсөн байдаг. Ийм хариуцлагатай байхын тулд ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг. Чадахгүй бол хариуцлага тооцно. Хариуцлага байх ч ёстой.
Төмөр замчин хүн ажилдаа хариуцлагатай болдог. Нойрноосоо болоод ажилдаа хоцрох, өнөөдөр толгой өвдөөд байна гээд ажилдаа явахгүй байх гэх мэт асуудал байдаггүй.

Галт тэргээ бид аюулгүй явуулахын тулд гадаа цасан шуурга, бороо шороо, хувингаар цутгаж байсан ч бид гадаа ажлаа хийж л байдаг. Бороо, цасан шуурга зогсохыг хүлээхгүй, гадаа +40 градусын халуун байсан ч ажиллах л үүрэгтэй. Төмөр зам тасралтгүй үйл ажиллагаатай учраас бид мөн л тасралтгүй ажиллаж байдаг.

17:20 цагт галт тэрэг хөдлөх хуваарьтай бол тэрнээс өмнө бид бүгдийг технологийн дагуу шалгаж бэлэн болгосон байх ёстой. Тиймээс бидэнд жижиг шалтаг хэлээд гал тэрэгний хөдөлгөөнд саад учруулах, ажлаа хойш тавих эрх байхгүй.

Төмөр замчин хүн ажилдаа хариуцлагатай болдог. Нойрноосоо болоод ажилдаа хоцрох, өнөөдөр толгой өвдөөд байна гээд ажилдаа явахгүй байх гэх мэт асуудал байдаггүй. Цаг бол цаг л байх ёстой.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Цааш үзэх 

error: Content is protected !!