Т.Баясах: Хүнд нөхцөлд байгаа 10-аад айлд яаралтай ариутгал хийж, эвдэрсэн зам дээр нь хайрга, шороо асгана

Б. Хажидсүрэн 2018-10-02 10:47 163

БЗД-ийн дөрөвдүгээр хороо Цэргийн хотхоны 10-аад айл үерийн усанд автаж, бохир дунд амьдраад сар гаруйн хугацааг өнгөрөөж байгаа талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, үерийн усанд автаж, бохир нь урсаад гудамж талбай нь лагаар дүүрч, машин явах ч боломжгүй болсон байдалтай байгаа. Ариутгал хийгдээгүйн улмаас хүүхдийн хөл гар, биеэр нь тууралт өгсөн. Мөн нэг айлын дороос шинээр булаг урссан гээд нөхцөл байдал туйлын хүнд баайгаа юм. Гэвч энэ асуудалд дүүргийн удирдлагууд нь огт анхаарал хандуулдаггүй. Мөнгө гаргах боломжгүй, эсвэл нүү гэснээс өөр хариу өгдөггүй талаар оршин суугчид мэдээлсэн. Тиймээс энэ асуудлаар БЗД-ийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахаас тодрууллаа.

-Дүүргийн чинь 10-аад айл туйлын хүнд, бохир орчин амьдарч байна. Энэ талаар мэдсэн үү?

-Энэ жил хур бороо элбэгтэй жил болж байна. Манай дүүргийн хувьд нэлээн олон газарт үер буусан. Өмнө нь БЗД-ийн ганц хоёр газраас булаг гарч байсан бол энэ жил найман газрын 42 байршлаас ус гарсан байдалтай байна. Тиймээс бид энэ жилийн төсөвтөө усны судалгаа хийх санхүүжилтийг суулгаж өгсөн байгаа. Ус хаанаас гарч байгаа шалтгааныг тодруулна. Дараа нь судалгаагаа Нийслэл рүү явуулж, ямар арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа танилцуулна.

-Дөрөвдүгээр хорооны 10-аад айлын тухайд?

-Дөрөвдүгээр хороонд үүссэн нөхцөл байдлыг би сайн мэдэж байна. Зарим айлын дороос булаг гарсан, доод айлууд нь газраа шороо асгаж өндөрлөснөөс болж тэр хэсэг айл усанд автсан байдаг. Дүүргийн холбогдох хэлтсийн ажилтнууд газар дээр нь очиж иргэдтэй уулзаж, дундуур нь сэтэлгээ хийснээр усыг цааш урсгасан байгаа. Иргэд ч бас зүгээр суугаагүй. Хөрөнгө мөнгө цуглуулаад суваг хийсэн байна лээ.

-Дүүргээс мөнгөн тусламж үзүүлэх ямар ч боломжгүй гэсэн хариулт өгсөн байна лээ. Тэгэхээр цаашдаа энэ айлуудын асуудлыг яах вэ?

-Мөнгө байхгүй, туслахгүй гэсэн асуудал байхгүй. Бид эхний ээлжинд дөрөвдүгээр хорооны асуудлыг Нийслэл рүү явуулсан. Иймэрхүү байгалийн хүчин зүйл тохиолдоход Дүүргийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө мөнгө гаргадаг. Гэвч энэ нөөц нь их бага. Энэ жил хур бороо их орсон болохоор өнгөрсөн долоо, наймдугаар сард нөөцөөс нэлээд их мөнгө гаргаж, хороодын асуудлыг шийдсэн байгаа. Сүүлдээ дийлэхээ байгаад онцгой байдлын хэлтэст дөрөв, таван ус сордог аппарат авч өгөн усыг соруулах ажлыг хийлгэсэн. Бид чадахаараа л ажиллаж байна.

-Тэр хавийн зам машин явах боломжгүй болж, иргэд усаа ч зөөж чадахгүй байгаа гэсэн. Энэ асуудлыг нь яах вэ?

-Хог очих гэж очсон машин тэнд очоод шаварт суугаад, түүнийг гаргах гэж очсон бас нэг машин нь бас суучихсан. Тиймээс экскаватор аваачиж, газрыг нь ухуулж байж гаргасан нь хавийн замыг бүр муухай болгосон. Гэхдээ ямар хог очих гэж очсон машиныг буруутгалтай биш. Ажлаа л хийх гэж очсон шүү дээ. Дүүргийн зүгээс өнөө маргаашгүй очиж, шороо асгана. Дээрээс нь ховогоор хайрга асгуулна. Хайрга үнэгүй олдохгүй учраас худалдаж авахаар болсон. Мөн хоёр айл хашаагаа хэмжээнээс хэтрүүлэн сунгасан байна лээ. Түүнийг буцааж татуулах ажлыг өнөөдөр хийнэ. Тэгэхээр хумигдсан зам өргөн болчих болохоор тэгшилгээ хийхэд амар болно. Энэ мэт ажлуудыг шат дараатай хийнэ дээ.

-Усанд автсан айлууд нэгэнт үерийн аман дээр буусан учраас дахин ийм зүйл болохгүй гэх баталгаагүй. Тэгэхээр эдгээр айлын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Үерийн аман дээр буусан айлууд бүгд бичиг баримттай юм билээ. Бичиг баримтгүй байлаа гэхэд хаана очих билээ дээ. Тэгэхээр хамгийн гол нь иргэдийн хийж байгаа ажлыг үргэлжлүүлэн ухсан шуудууг шугам татаж, үерийн далан руу оруулахаар ажиллаж байна. Хэрэв булгын ус их гарвал нүүлгэхээс өөр аргагүй л дээ. Хэр их ус гарч, хэзээ хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй байна.

-10-аад айл сар гаруйн хугацаанд ийм хүнд нөхцөлд амьдарч байхад дүүргийн удирдлагууд яагаад анхаарал хандуулаагүй юм бэ?

-Үнэндээ надтай уулзсан иргэн байхгүй. Хорооны дарга, тохижилтын ажилтнууд л энэ тухай мэдэгдсэн. Долоон сард асуудлыг сонссон. Одоо нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Эхлээд бид хайрга чулуу асгана. Дараа нь нөхцөл байдлыг харж байгаад нүүлгэлт хийх эсэх асуудлыг шийднэ.

-Хамгийн гол нь айлууд бохирон дундаа амьдарч байхад одоо хүртэл ариутгал хийгдээгүй байна. Үүний улмаас нэг айлын хүүхдийн биеэр тууралт өгсөн байна?

-БЗД энэ жил ариутгалыг маш сайн хийсэн. Найман хорооны 671 мянган метр квадрат газарт ариутгал хийсэн байна. Ихэвчлэн үерт авсан хороодод хийсэн байгаа. Одоо дахиад ч ариутгал хийнэ. Ариутгалыг хийе гэж яриад л хийчихдэг юм биш. Бүх зүйл төсвийн хуулийн дагуу явагддаг. Тендер зарлах ёстой бол зарлана. Хурлаа хийж мөнгө гаргах ёстой бол хурлаа хийнэ. Одоо хийх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд дөрөвдүгээр хороог мэдээж оруулна.

-Яг хэзээ хийгдэх вэ?

-Хугацааг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ойрын хугацаанд хийнэ.

-Нэг айлын байшин бохироор дүүрсэн байдалтай хэвээрээ л байна. Үүнийг соруулах арга хэмжээг авах уу?

-Одоо нөхцөл байдал ямар байгааг би мэдэхгүй байна. Хэзээ урсч орж ирсэн ус юм байгаан. Иргэд маань өөрсдөө ч санаачлагатай байх хэрэгтэй. Боломж боломжоороо гэртээ орсон усыг гаргах арга хэмжээ авах хэрэгтэй. Үргэлж төрийг хараад байж болохгүй.

-Онцгой байдлын хэлтэст хандсан ч машин орох боломжгүй учраас буцсан гэж байсан?

-Би холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцая. Машин орж болохгүй, хүн ч ороход хэцүү байгаа бол онцгой байдлын хэлтэст байгаа соруулах аппаратыг оруулж, байшингийн усыг соруулах боломжтой эсэхийг судлая. Ер нь дүүргийн иргэдийн төлөөлөгч гэдэг иргэд дүүргийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч биш шүү дээ.

-Та дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчтэй уулзсан уу?

-Дөрөвдүгээр хорооны иргэдийн төлөөлөгч надтай уулзаж асуудлыг танилцуулсан. Энэ асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж оролцож байгааг гайхаж байна.

Х.Соёл-Эрдэнэ

error: Content is protected !!