Дүү минь түлхүүрээ ширээн дээрээ тавьж пиджакаа сандалдаа өлгөөд гарсан байсан….

Б. Хажидсүрэн 2018-09-26 22:05 703

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэр, өмгөөлөгч нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр талийгаач Т.Гомбосүрэнгийн 49 хоногийн буяны өдөр тохиож байгаа аж.

 

МИНИЙ ХҮҮ АРХИ УУЖ, ЗОДООН ЦОХИОН ХИЙГЭЭД ЯВДАГ ХҮН БАЙГААГҮЙ

 

Мэдээллийн эхэнд талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний аав, ээж хоёр төрийн албанд 30 гаруй жил ажилласан хүмүүс байсан. Би төрийн байгууллагад 44 жил ажиллаж, өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан. Хүүгээ төрийн албанд ажиллахад ийм зүйл болно гэж огтхон ч төсөөлөөгүй. Миний хүү шударга, төлөв түвшин хүн байсан. Хүүг минь архи дарс уусан гэж мэдээлэгдэж байхад бид ёс жаягаа бодоод дуугараагүй явсаар өнөөдрийг хүрлээ. Манай удамд архи дарс уудаг хүн байгаагүй. Миний хүү архи ууж, зодоон цохион хийгээд явдаг хүн байгаагүй.

Би нэг хүү, хоёр охинтой. Гомбосүрэн минь миний голомт түших ганц хүү байв. Одоо голомт түших ганц хүүгийн минь дөрвөн үр өнчин үлдсэн. Надад маш их хэцүү байна. Хамгийн бага нь одоо нэг ой гарантай. Амьд байх хугацаандаа энэ дөрвөн хүүхдийг хүн шиг хүн болгоод хүмүүжүүлчих юмсан. Би 20 жилийн дараа энэ хүүхдүүдэд одоо мэдээлэгдэж байгаачлан “Эцэг чинь ажил дээрээ архи ууж байгаад нас барсан гэж хэлэх үү. Энэ хэргийн үнэн мөн 20 жилийн дараа тодорхой болсон байгаасай гэсэн сэтгэлээр хэвлэлийн хурлыг хийж байна” гэв.

ДҮҮ МИНЬ ТҮЛХҮҮРЭЭ ШИРЭЭН ДЭЭРЭЭ ТАВЬЖ, ПИДЖАКАА САНДАЛДАА ӨЛГӨӨД ГАРСАН БАЙСАН-

Авга ах н.Ганхуяг “Бидний хувьд маш хүнд өдрүүд өнгөрч байна. Сэтгэл санаа маш хэцүү байна. Айлд очиход хүний хайр татсан нэг сайхан хүүхэд байдаг. Манай талийгаач тийм хүн байлаа. Би цэргийн албанд байлдагчаас хурандаа хүртэл 38 жил зүтгэж яваад, чөлөөндөө гарсан жирийн нэгэн иргэн. Миний хайртай дүү ажил үүргээ гүйцэтгэж яваад, төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан. Миний сэтгэл санаа тавгүй, нулимс зангираад байгаа тул урьдчилан бэлдсэн цаас харан уншиж байна.

Миний дүүг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь яамны албан өрөөндөө архидан согтуурч байсан Б.Махбал, н.Лхагвасүрэн, н.Ганбаяр, н.Энхбат, н.Цэцэгмаа нарын хүмүүс албан өрөөндөө дуудсан (бичлэг үзүүлэв). Улмаар хүний ёсноос гажууд байдлаар амь насыг нь хөнөөсөн. Би сая та бүхэнд талийгаачийн тэр өдөр барьж явсан гар утасны бичлэгийг сонсголоо. Энэ болсон үйл явдал бол монгол төрийн хуваагдал, эрх мэдэл бүлэглэл хоорондын зөрчлөөс үүдэлтэй гэж би хувьдаа үзэж байна. Миний дүүгийн ажил албан тушаалыг удаа дараа булаан авах үйлдлүүд хийгдэж байсан. Хөдөө томилолтоор явсан хойгуур нь оронд нь хүн томилох тогтоол хүртэл гарч байсан

Дүүгийн минь оронд томилогдоно гэгдэж байсан Ш.Дорждагва нь АТГ-аас ирсэн бичигт дурдсанаар уг албан тушаалын шаардлага хангахгүй нэгэн байсан. Энэ аймшигтай хэрэг гарсны маргааш бид дүүгийнхээ албан өрөөнд орсон. Дүүгийн минь компьютер асаалттай, түлхүүрээ ширээн дээрээ тавьж, пиджакаа сандалдаа өлгөөд, тэдгээр дуудсан хүмүүс рүү явсан байсныг харсан.

<>Дүүгийн минь амь насыг юунаас болж бүрэлгэв. Албан тушаалыг нь авахын төлөө яагаад ингэж улайрав гэдгийг хуулийн байгууллага зөв шийдэж өгнө гэдэгт ах дүү, хамаатан садан бид итгэж хүлээж байна. Шүүхийн шийдвэр илтэд буруу гарвал бид ард түмэндээ хандаж тусламж хүсэх болно. Үнэн зөвөөр хэргийг хянан шүүнэ гэдэгт итгэж байгаагаа дахин хэлье” гэв.

Энд дарж үргэлжлүүлнэ үү

 

error: Content is protected !!