С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ

2017-12-14 11:25 624

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. С.Баяр нь оффшор дансны асуудлаар иргэдийн шүүмжлэлээс үүдэн өнгөрөгч долдугаар сард Элчин сайдаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Гадаад харилцааны яаманд ирүүлээд байсан юм.
Уг хүсэлтийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Холбогдох хуулийн дагуу Засгийн газраас Элчин сайдыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах учиртай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч эгүүлэн татах зарлиг гаргах юм.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болсон юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!