Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн!!!ТАЛИЙГААЧИЙГ ХУТГАЛЖ БИШ ЗОДОЖ ХӨНӨӨСӨН ГЭВ-

2018-08-13 12:41 1692

Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн

Энэ сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдон шалгуулж байна.

Төрийн алба хашдаг, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа ийн архидан согтуурч, улмаар нэгнээ хөнөөсөн нь байж боломгүй асуудал бөгөөд сүүлийн хоёр, гурван хоногийн хугацаанд ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртэв.

Өнгөрсөн ням гаригт Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орхив. Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал ийн сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай.

-ТАЛИЙГААЧИЙГ ХУТГАЛЖ БИШ ЗОДОЖ ХӨНӨӨСӨН ГЭВ-

Яг ямар хэрэг болсон, хохирогчийн аминд яаж хүрсэн талаар тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас огт өгөөгүй. Харин олон нийтийн дунд “Хутгалсан гэнэ” гэх явган яриа тархсан юм. Гэтэл түүнийг хутгалж биш, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн талаар талийгаачийн найз, “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа нийтэлсэн байна.

Тэрбээр талийгаач найзынхаа гэрт очиж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ үед талийгаачийн талаарх худал ташаа мэдээллүүдэд ихээхэн эмзэглэж, бас маш их гомдолтой байгаагаа ар гэрийхэн нь илэрхийлжээ. Тус айлын амьдрал сүйрч, дөрвөн бяцхан үр эцэггүй, нулимстай үлдсэн байх юм. Тухайн хэрэг гардаг өдөр ЗТХЯ-нд яг юу болсон талаар ар гэрийнхэн нь хяналтын камер болон бусад эх сурвалжуудаас авсан мэдээллүүдээ нэгтгэж иргэн Т.Сайнжаргалд ярьсан байна.

Энэ хэргийг хэдийгээр цагдаагийн байгууллага шалгаж, юу болсныг эцэслэн тогтоох хэдий ч талийгаачийн ар гэрийнхэн өгсөн мэдээллийг Т.Сайнжаргалын сийрүүлснээр нэмэлт хачиргүйгээр та бүхэнд хүргэж байна.

Т.САЙНЖАРГАЛ: Б.МАХБАЛ ТАЛИЙГААЧИЙГ ХОЁР ЦОХИЖ УНАГААД, ТОЛГОЙ РУУ НЬ ДОЛООН УДАА ӨШИГЛӨЖ, ЭРҮҮГ НЬ МУЛТАЛСАН

Тэрбээр “…ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

Medee.mn

Б.Махбалын хамаг муу муухай нотой ноцтой зүйлийг мэддэг байсан

Бас нэг ойрын эх сурвалж нь “Төрсөн биш гэхдээ гэр бүлийн сайхан харилцаатай найзууд байлаа. Найз маань мөрөөрөө ажлаа хийж явсан. Ойрд их дарамттай байна эгчээ, шударга ажиллахад байнга оролдох юм гээд саяхан надруу ярьсан. Ийм юм болсонд бүр сэтгэл өвдөөд байна. Хэн бэ гэдгийг нь сайн мэддэг болохоор энэ хэрэг замхарчих вий гэж айгаад байна. Ямар ч хорхойд хоргүй шударга ажиллах зорилготой би залуу хүн гэж явсан даа.

Нэг удаа томилолтоор яваад ирэхэд нь хүртэл Б.Махбал халах гээд л тушаал гаргаад сууж байсан хууль зөрчөөд хамаг ноцтой асуудлыг нь мэдэж байсан улсын мөнгө яаж идэж уусныг мэднэ. Тэрнээс л болсон байх. Ер нь ТНБД, Махбал хоёр нэг фракц юм билээ. Нотой ноцтой бүх хэргийг нь шалгаад мэдэж байсан тэрнээс болж их дармтласан. Махбал нь ардаа их том том хүнтэй гэдэг. Батхүүтэй хамт морь мал уяж зиндаархдаг огцом баяжсан эвгүй залуу.

Вагоны асуудал төмөр замын Баттулгын идсэн уусан, УБТЗ-ын нийгэмлэгийн дарга Жигжиднямаагийн вагон шахаас гээд бүх зүйлийг мэдэж байсан болохоор их дарамталж эцэстээ аминд нь хүрлээ харамсалтай байна. Хэрэг нь үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байна” гэлээ.

Талийгаачийн ажлыг Доржоо гэх залуу авахаар нэр нь тодорчихсон байж

Дээрх харамсалтай хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Ажлын барйны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал ОХУ-аас ашиглалтын хугацаа дууссан 1000 воган оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм.

Ар гэрийнхэн нь цэвэр албан тушаал, улстөртэй холбоотой хэрэг гэж үзэж буй. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ.

Тодруулбал, талийгаачийн албан тушаалд Доржоо гэгчийн нэр АТГ-т оччихсон байгаа гэдгийг хэлж байна.

Сэжигтэн Б.Махбал гэж хэн бэ

Тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал нь 48 настай. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх албан тушаалд томилогдон иржээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Тэрбээр өмнө нь Зам тээврийн яаманд ажиллаж байхдаа хүний чих тас хазсан. Уул уурхайн яаманд байхдаа хүнийг хэвтэрт ортол зодоод ажлаасаа халагдсан гэх. Өмнө нь хоёр хүн алахыг дөхсөн энэ этгээдийн бүх но-г нууж өнгөрөөсөн гэдэг. Ийм хүнийг яамны газрын даргаар авч нөгөө газрын даргаа алуулжээ гэх мэдээлэл гарсаар байна.

Тэрбээр хөрөнгө оруулагын мэдүүлэгтээ хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн жийптэй, эзэмшлийн хоёр газартай, гурван орон сууцтай, мөн үйлдвэрийн газартай, гэр бүлийнх нь орлого жилдээ 230 сая гэж мэдүүлжээ.

Ерөнхий сайдаа, архичин дарга нарыгаа зайлуулаач ээ

Төрийн алба бол онцгой обьект. Архи дарс битгий хэл хутга шөвөг ч оруулахгүй ёсгүй, харуул хамгаалалт чангатай байх ёстой газар шүү дээ. Гэтэл яагаад дарга нар өрөөндөө нэгнийгээ, найз нөхөд, ажлын шугамаар орж ирж уулзсан хүмүүстэйгээ архиддаг юм бэ.

Ерөнхий сайд аа, ажлын байрандаа архи ууж танхайрдаг хурган дарга нартаа хэзээ хариуцлага тооцох ёстой. Яг үнэндээ өнөөдөр мэдэгдсэн нь Зам тээврийн яамныхан боловч үнэн хэрэгтээ ажлын байрандаа байнга архидан согтуурч, зодоон хийдэг дарга нар бол хотын удирдлагуудаас эхлээд яамны удирдлагууд байна.

Энэ мэт дарга нарын замбараагүй дарга нарын архидалт хэрээс хэтэрснээс болж өдгөө ЗТЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрчихлээ.

Тиймээс Ерөнхий сайд аа, энэ үйлдлийг яаралтай цэгцлэхгүй бол дахиад ажлын байран дээр хүн амины хэрэг гарлаа гэж дуулдвал нэг их битгий гайхаарай гэж хэлэх байна.

О.Сайхан

Оллоо.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!